ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын аудио танилцуулгыг толилуулж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтууд тусгагдсан.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр тусгасан нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
Энэхүү хууль нь нийт 6 бүлэг, 47 зүйлтэй бөгөөд Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 31, (1279) дугаарт нийтлэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалт тусгагдсан.
Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр энэхүү хуулийг аудио хэлбэрээр бэлтгэн Та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу.