Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо.



Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монгол телевизийн шууд хөтөлбөрийн асраар зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. 


Тэрбээр, олон зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн монгол наадам бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг илэрхийлэхийн сацуу дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн баяр наадмын босгон дээр анхдугаар чуулганаа хуралдуулсан анхны 126 гишүүнтэй Улсын Их Хуралд нийт таван нам, эвслээс нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон нь парламентат ёсыг бэхжүүлж, улс төрийн шинэ соёлыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм. 




Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сурын талбайд зочилж, наадамчин олонтой мэндчилэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамтаар шагайн асарт саатаж, харваачдад амжилт хүсэхийн сацуу шагай харван, цэц мэргэнээ сорилоо.



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, үзэж сонирхож байгаа билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл