“Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн далбааг өнө мөнхөд, сүр жавхлантайгаар залж, байнга мандуулах ёслол өнөөдөр (2024.07.10) боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар албаны бусад хүмүүсийн хамт оролцов.
Өнгөрсөн тавдугаар сард Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулсны дагуу Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх зохицуулалттай болсон билээ.
Ийнхүү монголчуудын төрт ёс, түүхэн уламжлал, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон 16х8 хэмжээ бүхий Төрийн далбааг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт хүндэтгэлтэйгээр заллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.