Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан (2024.07.10) өглөө үргэлжилж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Б.Чойжилсүрэн нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Бямбацогтыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Г.Тэмүүлэнг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ж.Галбадрах Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Л.Гантөмөр, П.Сайнзориг нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Э.Одбаяр, Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, С.Амарсайхан, Ч.Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Б.Жавхланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Дэлгэрсайхан, Б.Тулга, Ж.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Ж.Батсуурь, Ж.Бат-Эрдэнэ нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхөөр заасан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Тэмүүлэн нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Галбадрах, Ч.Ундрам нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Энхбаярыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Б.Жавхлан, С.Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгажээ.
Илээр, гар өргөж санал хураалт явуулахад Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүд танилцуулгадаа, холбогдох хууль, Байнгын хороодын хуралдааны шийдвэрийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарыг Байнгын хорооны даргад тус тус нэр дэвшүүлж буйг дурдсан юм.
Байнгын хорооны даргад нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Түүнчлэн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Б.Чойсүрэнсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарын, Төсвийн зарлагын хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Булгантуяа, П.Ганзориг, Г.Дамдинням, Б.Заяабал, З.Мэндсайхан, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар нарын, Хүний эрхийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд нарын, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Даваасүрэн, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Э.Батшугар, Б.Жаргалан, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, тогтоол гаргав.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүнээр томилж ажиллуулах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн талаар онцлоод, шинээр томилогдох сайд нарын нэрсийг дуудлаа.
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Л.Гантөмөр,
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Т.Доржханд,
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан,
4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал,
5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Э.Одбаяр,
6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн,
7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга,
8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,
9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Жавхлан,
10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл,
11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан,
12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт
13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдаар П.Наранбаяр
15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдаар Л.Энх-Амгалан,
16. Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
17. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номин,
18. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ж.Батсуурь
19. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
20. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү,
21. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
22. Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
нарыг тус тус томилж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Сайд нараа танилцуулсан Ерөнхий сайд болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Батбаатар, Б.Бейсен, Б.Түвшин, С.Эрдэнэболд, Б.Заяабал, С.Эрдэнэбат, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдэд амжилт хүсэж, боловсрол, эрүүл мэнд зэрэг эмзэг салбаруудад онцгой анхаарал хандуулах, төрийн албыг бэхжүүлэн, засаглалыг төгөлдөржүүлж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, татварын зохистой бодлого явуулж, эдийн засгийг томруулан, иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, нүүдлийн уламжлалыг хадгалах, хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг захив. Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжих, үр дүнг үнэлэх боломжтойгоор төлөвлөж, бодитойгоор хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийллээ.
Ингээд шинээр томилогдон ажиллах Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газар байгуулагдсан юм. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үзэг зурлаа.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан чуулганы үйл ажиллагааг хаалаа. Тэрбээр, Анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ, шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газарт амжилт хүсээд, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв. Ийнхүү Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.