Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан (2024.07.10) шөнө дунд 01:35 цагт үргэлжлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хороо төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ.
Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Х.Болормаа, Т.Доржханд, С.Зулпхар Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, О.Саранчулуун, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Дам.Цогтбаатар, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний зарим нэрийг, мөн ЗГ-ын зарим гишүүдийн эрхлэх асуудлын хүрээн дэх чиг үүргийг өөрчлөх болон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэр, томьёо жигдлэх. Мөн түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төрийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, О.Цогтгэрэл, С.Ганбаатар нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд эхний ээлжинд Засгийн газарт хамтрахаар тохиролцсон улс төрийн намууд гэрээгээ байгуулж, дараа нь бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа шийдвэрлэх, хүндээ зориулж бүтцээ байгуулаад байдлыг засаж, “өвдөлт мэдэрсэн” шийдвэрүүдийг гаргаж чадах эсэх, мөн салбар бүрийн бодлогыг төлөвлөсөн эсэх, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг боловсруулахад эрдэмтэн судлаачдыг оролцуулж, тэдний саналыг авсан эсэх, мөн том төслүүд дээр гардаг маргааныг шийдвэрлэх механизмыг хэрхэн төлөвлөсөн талаар асууж, яамд өөрсдөө бодлогоо гаргаад, түүнийгээ хэрэгжүүлээд, өөрөө өөрийгөө хянах нь засаглалын хямралд хүргэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 24 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы танхимын санал хураах төхөөрөмжид зарим техникийн саатал үүссэн тул санал хураалтыг гар өргөх аргаар явуулсан юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.