Цэс

Холбоо барих

ИЦББХ: Байнгын хорооны даргаар Ж.Золжаргалыг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.07.09) хуралдаж, Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны удирдлагыг томилохтой холбогдуулан тус намын бүлгийн байр суурийг танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд Монгол Ардын нам Ардчилсан нам, ХҮН намтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар зөвшилцсөн юм. Энэ агуулгаар Засгийн газар төдийгүй Улсын Их Хурлын түвшинд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн Улсын Их Хурал дахь суудлын тоог харгалзан Улсын Их Хурлын бүтцийн байгууллагуудын удирдлагыг томилох тул Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ХҮН намын төлөөллийг томилохоор нэр дэвшүүлнэ  хэмээв.


Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг нэр дэвшүүлсэн юм.


Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргал нь 1979 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1994-2004 онд ОХУ-ын Санкт Петербургийн Уул Уурхайн дээд сургуулийг нефтийн олборлолтын инженер мэргэжлээр төгсөж, 2008-2010 онд Япон улсад Токиогийн Технологийн дээд сургуульд химийн инженерингийн магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд БНХАУ-ын Нефтийн их сургуульд, 2009 онд Токио дахь НҮБ-ын Их сургуульд, 2011 онд Австралийн Брисбен хотын мега төслийн менежментээр, 2016 онд ХБНГУ-ын Техник, технологийн туслалцааны байгууллагын Улаанбаатар дахь олборлох салбарын төслийн курс зэрэг хөтөлбөрийг дүүргэж, мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи хэлтэй. Тэрбээр 2004-2017 онд Монголын Алт компанид Инженер, технологийн судалгааны төвийн захирал, төслийн менежер, 2017-2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад шинжээч, зөвлөх, 2018-2019 онд Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, 2018-2019 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зөвлөх, 2019 оноос Нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна хэмээн танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, П.Сайнзориг, Д.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд УИХ-ын сонгуулиар намын мөрийн хөтөлбөрт туссан инновац, цахим бодлогыг дэмжих заалтуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилтыг үргэлжлүүлэх, Үндэсний баялгийн сангийн нэг хувийг технологийн салбарт зарцуулах шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс төрийн үзэл бодол, намын харьяалал үл харгалзан мэдээллийн технологийг хөгжүүлэх шийдвэрүүдийг урагшлуулах тухай асуудлыг хөндөж байв. Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл