Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, судлаачдыг шинэ УИХ-тай хамтран ажиллахыг уриалж байна

Монголын Эдийн засгийн форум 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна.  Чуулга уулзалтын (2024.07.09) хоёр дахь өдрийн арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн, сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжсэний үр дүнд Улсын Их Хуралд таван нам, эвсэл суудал авч, нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон. Үр дүнд нь парламентын мэргэжлийн байдал, нөөц чадамж болон эдийн засгийн олон салбарыг төлөөлөх чадвар эрс дээшилж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй ард түмэн, баялаг бүтээгчид, салбар салбарын төлөөлөл, дуу хоолой болж, тулгамдсан асуудлуудад бодит шийдлийг дэвшүүлэн, зохих хууль тогтоомжид тусгуулах үндсэн чиг үүрэгтэй гэдгийг тодотголоо.

Бизнесийн салбарынхныг төрөөс аливаа дарамт шахалтгүй, хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллагсадтайгаа байгуулсан гэрээ хэлцэл нь биелдэг, асуудлаа шударга шүүхээр түргэн шуурхай шийдвэрлүүлж чаддаг байх хууль эрх зүйн орчныг УИХ-аас бүрдүүлж өгөх ёстой. Мөн хууль эрх зүй, бодлогын тогтвортой байдлыг хангах, гэнэтийн ойлгомжгүй байдлаас сэргийлэхийн тулд шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах хууль тогтоомжид салбарын төлөөллийн дуу хоолойг нээлттэй сонсдог байх болно. Иймд мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхэн тулгамдсан асуудлуудаа нээлттэйгээр дэвшүүлж, зохих хууль тогтоомжийг засаж залруулахад шинээр байгуулагдсан УИХ-тай бүх талаар хамтран ажиллахыг уриалж байна гэв.


Түүнчлэн төрийн байгууллагаас гаргасан дүрэм, журамтай холбоотой хүндрэл чирэгдэл, тодорхойгүй байдлыг залруулах, улмаар бизнес дэх төрийн зохисгүй оролцоог залруулах зорилт, чиглэлийг тууштай баримтална. Энэ хүрээнд нэгдүгээрт иргэн, аж ахуйн нэгж бизнес, худалдаа наймаа эрхлэхэд тулгардаг төрөөс тогтоосон тодорхойгүй, хоёрдмол утгатай, давхардал зөрчилтэй хууль эрх зүйн орчныг нарийвчилж сайжруулан, асуудал төрийн албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг байдлыг халах бодлого баримтална. Хоёрдугаарт төр иргэнтэйгээ өрсөлддөг буюу хувийн хэвшил эрхлэх боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс эрхлэхгүй байх Засгийн газрын бодлогыг тууштай үргэлжлүүлэн дэмжих болно. Гуравдугаарт төрөөс аль нэг компани, аж ахуйн нэгжид давуу тал үүсгэж, шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэх замаар иргэд, хэрэглэгчид, өрсөлдөгчдийг нь хохироодог буруу жишгийг засна. Өнгөрсөн хугацаанд хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон гурил, барилга байшин барихад хэрэгтэй цемент, аялал жуулчлал, бизнесийг тэлэхэд шаардлагатай агаарын тээврийн үнэ шударга бус өрсөлдөөний үр дүнд хэдхэн компаниудын гарт нэг мөр ороод байсан. Цаашид ийм жишгийг давтахгүйн тулд бизнесийн өрсөлдөөний орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээлээ.


Улсын Их Хурлын дарга хэлсэн үгнийхээ төгсгөлд УИХ дахь хамгийн олон суудалтай гурван нам Засгийн газрыг хамтран байгуулахаар харилцан тохиролцож, санамж бичиг байгуулан ирэх дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийг хөдөлгөх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлж, зөвшилцлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байна. Ийнхүү зөвшилцлийн зарчим дээр боловсруулах Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн дөрвөн жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын нөхцөл, суурь байх болно гэж үзэж байна. Иймд энэ хоёр өдөрт эдийн засгийн гол салбаруудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхний дэвшүүлж байгаа бодлогын зөвлөмж, чиглэлүүд зөвшилцлийн хөтөлбөрийг боловсруулахад чухал ач холбогдолтой хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл