Цэс

Холбоо барих

3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав


Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ.

Дараа нь 3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсний дагуу УИХ-ын дарга тогтоолын төслийг танилцуулав.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бадрахын Найдалаа, Өлзийхүүгийн Шижир, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагай, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Цэвэгдоржийн Туваан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Тогмидын Доржханд, Бадамдоржийн Пунсалмаа нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Цэндийн Баатархүүг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Наранцэцэгийн Алтаншагай, Нанзадын Наранбаатар, Өлзийхүүгийн Шижир, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Болдын Уянгыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Бадрахын Найдалаа, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Бадамдоржийн Пунсалмааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Өлзийхүүгийн Шижирийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Банзрагчийн Түвшин, Даваагийн Цогтбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Хүрэлбаатарын Баасанжаргал, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв.

Ингээд 3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 нь хувь нь дэмжсэн юм.

Үүгээр хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл