Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.06.07) Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал К.Павлик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээний жил тутмын чуулган” хэмээх улс төрийн ач холбогдол бүхий арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад ирсэн үеэрээ Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газартай танилцах хүсэлт гаргасанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ Монгол Улс өөрийн "гуравдагч хөрш"-ийн нэг, Европын холбооны гишүүн, Бүгд Найрамдах Польш Улстай хөгжүүлж буй олон жилийн уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэдэг бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт улам идэвхтэй хөгжиж байгаад талархалтай байдгийг онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал К.Павлик халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа парламентын хооронд төдийгүй эдийн засаг, эрүүл мэнд, эм ханган нийлүүлэлт зэрэг тодорхой салбарын хооронд өргөжин хөгжиж байгааг онцлов.
Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцан айлчлалуудын талаар санал солилцоод хоёр парламентын Тамгын газар хооронд туршлага судлах, сургалт судалгааны чиглэлээрх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн ахлах зөвлөх М.Батболд нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.