Цэс

Холбоо барих

Швейцарын парламентын Тамгын газартай туршлага солилцох ээлжит арга хэмжээ боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага солилцох арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо зохион байгуулагдлаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд нарын төлөөлөгчид оролцож, парламентын хяналт шалгалт, түүнийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцов.


Хоёр орны парламентын Тамгын газар хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 7 жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсад парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо бүрдүүлэх, парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр Монгол дахь парламентын шинэтгэлийн үйл явц, өнгөрсөн 05 дугаар сард Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид хоёр талын хамтран ажиллах боломж, анхаарах асуудлуудын хүрээнд мэдлэг, туршлага, санал солилцсон юм.

Түүнчлэн, Швейцарын парламентын хяналт шалгалтын тогтолцоо, хууль тогтоомжийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг хариуцан ажилладаг Хяналтын хороо, түүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны талаар Хяналтын хорооны Ажлын албаны нарийн бичгийн дарга Урсина Жуд, Холбооны шүүх болон Прокурорын Ерөнхий газар хариуцсан Хяналтын дэд хорооны нарийн бичгийн дарга Стефан Диэзиг, Үнэлгээний хэлтсийн орлогч дарга Феликс Стребел нар танилцуулав.

Гурван өдөр үргэлжилсэн туршлага судлах арга хэмжээний төгсгөлд Швейцарын парламентын Хяналтын хорооны гишүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангаж буй туршлагад тулгуурлан шинээр бүрэлдэх Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан гарын авлагыг боловсруулах, Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт шалгалтын 7 арга хэрэгслийг процессжуулах, үнэлгээнд хөдлөнгийн шинжээч, экспертийг хэрхэн ажиллуулах, шинжээчдийн мэдээллийн санг чиглэл, чиглэлээр бүрдүүлэх, Хянан шалгах түр хорооны сонсголд оролцох гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлэх арга хэлбэрийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.


Туршлага судлах арга хэмжээнд Швейцарын парламентын Тамгын газрын Олон улсын болон парламент хоорондын харилцааны газрын дарга, Элчин сайд Кладио Фишер, Парламентын техникийн хамтын ажиллагааны дарга Мариа Стосич, ахлах зөвлөх Александ Фузэссэри, Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн Төв болон Хойд азийн хэлтсийн орлогч дарга Кристиан Энглэр, Швейцарын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Фабиэн Баэрисвил зэрэг албаны төлөөлөгчид оролцов.

Ташрамд дурдахад энэ онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл