Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 21 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр  хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: а/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороонд манай улсын иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан хэлэлцэх эрхийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хүргүүлэх; б/Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийг хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгох; в/Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох зорилгоор хуульчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг тайлагнахад шаардагдах зардлыг төсөвт тусгуулах арга хэмжээ авах; г/энэ тогтоолын хавсралтад дурдсан асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; д/олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсад үзүүлэх үр нөлөө, хүлээх үүрэг хариуцлагын талаар урьдчилан судалж, дүн шинжилгээ хийх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг юм.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар баталсан тус хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлан эрсдэлийг бууруулах, ёс зүйтэй иргэдээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх цогц ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулж, ёс зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүн сайжирч, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёл хэвшин, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх ажээ.

Түүнчлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар; 2/Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлаар; 3/Хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар; 4/Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн талаар; 5/Хүний эрх хамгаалагчийн асуудлаар; 6/Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн асуудлаар; 7/Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны талаар; 8/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах чиглэлээр; 9/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын хүрээнд нийт 28 арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Харин “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр  хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, Монгол Улсын эм зүйн салбарын бүртгэл, чанар, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийн хүрээнд эм зүйн салбарын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр дараах асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг дараах агуулгын хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг нэгдсэн цахим тогтолцоогоор хянах, зохицуулах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх; 3/эмийн үнийн өсөлтөд олон нийтээс тавих хяналтыг бий болгох зорилгоор нийлүүлэлт, борлуулалтын үнийн мэдээллийг ижил нэгжээр цахим хэрэгслээр дамжуулан нээлттэй болгох; 4/LICEMED (druginfo.mohs.mn) системийн тоног төхөөрөмжийн хамгаалалтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлын шаардлага, дэд бүтцийг сайжруулах; 5/бүртгэлийн заавраас зөрүүтэй, чанаргүй болон хадгалалтын хугацаа дууссан, горим алдагдсан эм, эмийн бүтээгдэхүүний устгалын бүртгэлийг цахимжуулах арга хэмжээг авах; 6/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, лабораторийн байр, шаардлагатай урвалж бодис, багаж, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг төсвийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэх; 7/эмийн цувралын чанарыг санамсаргүй түүврийн аргаар хянах тогтолцоог нэвтрүүлэх; 8/иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа явуулах; 9/хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр холбогдох төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөх; 10/Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг олон нийтийн цахим сүлжээгээр сурталчлахыг хориглох, сурталчилсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар төрийн байгууллагуудын  уялдааг хангах; 11/Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх; 12/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо  Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг шуурхай шалгаж, зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтны хариуцлагын асуудлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг ажээ.

Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар Улсын Их Хурлын 2023 оны 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг өөрчлөн баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл