Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо зургаан асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсгийн санал, байр суурийг үндэслэн тогтоолын төслийн хавсралт дахь шинэ Зуунмод хотын эдэлбэр газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол талбайн хэмжээ, байршилтай холбоотой  саналын томьёолол боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Мөн хуралдаанаар “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаан даргалагч тогтоолын төсөлтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг танилцуулсан бөгөөд саналуудыг боловсруулахдаа тогтоолын төслийн хавсралтуудтай нэгтгэж уялдуулсан хэмээн тодотгосон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжин, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг дээрх хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг танилцуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болох зохицуулалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй 3 санал Ажлын хэсгээс гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг болох Хот, тосгоны өөрийн удирдлагын үйл ажиллагаандаа баримтлах зарчимд “6.1.9.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих” гэсэн санал дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Нийслэлийн хэмжээнд нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход эрчим хүч 6.6 их наяд төгрөг, сэргээгдэх эрчим хүч 720 тэрбум төгрөг, дулаан хангамж 1.4 их наяд төгрөг, ариутгах татуургын хангамж 3.3 их наяд төгрөг, аюултай хог хаягдал, хүнсний хангамж, их багтаамжтай нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт 110.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд уг зардлыг төсвийн эх үүсвэрээс шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах практик хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байгааг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд аймаг, нийслэлд тодорхой салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх эрх хэмжээг бий болгож, улмаар хэрэгжилтийг хангах үүднээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхэд өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл нь өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бүс нутгийн хөгжлийг дэмжих, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн үзүүлэхүйц тодорхой төслүүдийг тодорхойлж, бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл