Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.06.04) хуралдаан 15 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасныг баримтлан хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж үзсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа нар тодруулга хийж, санал хэлсэн. Шүүхийн цахимжилттай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгаж байгаа бөгөөд холбогдох санхүүжилт, аюулгүй байдлын асуудлыг онцгойлон анхаарах шаардлагын талаар Ц.Сэргэлэн гишүүн сануулж, тайлбарласан бол Ш.Адьшаа гишүүн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн статустай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир энэ талаар хуралдаанд танилцуулсан юм.

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл нээлттэй бусад цахим платформд байршуулах, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд цаас, цаасан баримтыг цахим баримтад хөрвүүлэх, бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, техник технологийн асуудлыг шийдвэрлэсний дараа дагаж мөрдөх хугацааг тогтоох шаардлага үүссэн байна. Түүнчлэн шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батлахаар болж буйтай холбоотойгоор шүүгчид олгох зэрэг дэвийг олгох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх хугацаа шаардлагатай байгаа тул холбогдох хэсэг, заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзжээ. Иймд ажлын хэсэг дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Төслийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, бичлэг хийхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэдэг саналыг Ж.Сүхбаатар гишүүн хэлээд тодруулж асуухад ажлын хэсгээс хариулахдаа “Нээлттэй тод байдалтай холбоотой, цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмаараа зохицуулах бөгөөд холбогдох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална. Журмын төслөө боловсруулахдаа нарийвчлан ажиллах болно” гэв. Д.Ганбат гишүүн шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр төсөлд тусгаж буй зохицуулалтын талаар санал хэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар бусад улс орны туршлагын талаар тайлбар, мэдээлэл өгсөн юм. Ийнхүү Байнгын хороо төслийн анхны хэлэлүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм.

Улсын дээд шүүхийн 2025 оны төсвийн төслийн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцууллаа. Хяналтын шатны шүүхийн цар хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор хуралдааны тоо, хэмжээ нэмэгдэж байгаа аж. Мөн хуулиар тодорхойлсон албан ёсны тайлбар батлах учир судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ нэмэгдэж байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийг шүүгч тайлбарлан танилцуулдаг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажлыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалыг гаргаж, нэг чиглэлд оруулах ажлыг мөн гүйцэтгэж байгаа аж. Ирэх оны төсөвт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн цахимжилтын хүрээнд төлөвлөлт хийгдсэн болохыг онцлов. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байна. Улсын дээд шүүхийн гадаад харилцаа болон сургалт хөгжлийн арга хэмжээний зардал энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдэж, төсөвлөгдсөн гэв. Улсын дээд шүүх нь Хангарди ордныг шилжүүлэн авах шийдвэр гарсан бөгөөд барилгыг шүүхийн стандартад нийцүүлэн засах, үүний дараа нүүх, байрших, цаашдын ашиглалтын зардал зэргийг мөн төсөвт тусгажээ. Мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу батлагдсан сүлжээгээр цалингийн хэмжээг тодорхойлж, төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг бөгөөд тус хүрээлэнгийн зардлыг бас энэхүү багцад тусгасан гэлээ.


Танилцуулгтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, төсвийн төлөвлөлттэй холбоотой саналаа ажлын хэсэгт хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 54.5 хувь нь Улсын дээд шүүхийн 2025 оны төсвийн саналыг бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив.


Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн бөгөөд тус Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон нэмэлт 6 хуульд тусгайлсан заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгааг дэлгэрэнгүй танилцуулав. Комисс өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус асуудлыг шийдвэрлэх төсөвлөлт, 2025 онд болох Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг зохион байгуулахтай холбоотой зардлуудыг тусгажээ.


Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 54.5 хувь дэмжлээ.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дээрх танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэн.


Төгсгөлд нь Шүүхийн сахилгын хорооны 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив. Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл