Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 36 минутад Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж, 16 асуудлыг хэлэлцэхээр товлосныг нэг бүрчлэн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар үзэл бодол, байр сууриа илэрхийлж үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж бизнес эрхэлж, төрд татвар төлж байгаа хүмүүст төрийн дарамт их байгааг шүүмжилж, бизнесийн 60 хувьд төр оролцож байна. Цар тахлын хоёр жилд энэ салбар хүнд нөхцөлд орсон, хөдлөх бүрт мөнгө төлдөг болсон гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, олон хүүхэдтэй эхчүүдэд өгөх тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлээд, 10 дугаар Богдын эмээг цагдан хорьсон явдал нь гадны гар, хөл оролцсон зүйл хэмээн энэ талаар хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Гишүүд үг хэлсний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Хуралдаан даргалагч, уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 78 санал байгаа хэмээн танилцуулж, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж эхэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан зарим заалт хууль зөрчиж байгааг шүүмжлээд, Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах санал гаргасан гэсэн юм. Тэрбээр, хэрвээ ингэхдээ хүрвэл Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг хүчингүй болгуулах санал гаргана хэмээн хатуу байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, зөвхөн Богд уулыг бус бусад тусгай хамгаалалттай газрыг нийслэлийн захирагч өөрчлөхөөр тусгасныг санал хурааж шийдэж болохгүй гэдгийг Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Зөвхөн метро барих хэсгээ оруулж, хязгаартай оруулж ирэх, энэ талаар хэлэлцүүлэгт тусгахыг санууллаа.
Ийн хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир нараас өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргаж, санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59,5 хувь нь дэмжсэн юм.
Хуралдаан даргалагчаас хуулийн төслүүдийн зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн талаарх саналыг хүчингүй болгох, Н.Учрал, төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох заалтын улмаас Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тодруулав. Хуулийн төслийг хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Ингээд хуралдааныг Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлүүллээ. Зарчмын зөрүүтэй 18 санал тус бүрээр санал хураах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, орон нутгийн санал ирээгүй, саналыг тусгах ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн санал өгсөн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Дараа нь Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Зарчмын зөрүүтэй 16 санал ирүүлснийг чуулганы хуралдааны дэгийн дагуу санал нэг бүрийг уншиж танилцуулан санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсанд тооцож, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлгийн бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэн хуралдаж, зарчмын зөрүүтэй 16 санал тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы энэ өдрийн хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар уншиж танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.”, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж заасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл зорилгын хүрээнд ... ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчинг сайжруулах, төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж санал авч, төсөлд тусгасан. Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулан иргэд, олон нийтийн саналыг авчээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Харин дараа нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд “жороо морины уралдаанд морио уяж уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4 10.5 10.6-д заасан болзлын хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цол олгоно” гэсэн хэсэг нэмэх саналыг дэмжсэн гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих, эсэхээр санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд илтгэж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид булаан авч, хурлыг хэлбэрийн төдий болгож байгаа гэсэн үндэслэлээр энэ бүтцийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулсан. Ингэснээр өдөр тутмын тулгамдсан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнга хуралдуулах шаардлага гарч, тийм боломжгүйгээс орон нутагт зохицуулах шаардлагатай ажлууд цалгардах, хугацаа алдах нөхцөл үүсч байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь хуулийн дагуу ажиллаж байгаа ч шийдвэр гаргах эрх мэдэлгүй байгаа тул Зөвлөлд эрх шилжүүлдэг зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж уг хуулийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл” гэсэн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалтад баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлага тавьж байгаа нь амьдралд нийцэхгүй бөгөөд дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт хүрэлцээгүй байгаа учир бүрэн дундаас доошгүй боловсролтой байхаар өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчид зохих туршлага, бэлтгэлтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан хуралдааны даргыг 4 жилийн хугацаагаар сонгож, байнгын ажиллагаатай байхаар, зохих урамшуулал олгохоор хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэж, орон нутгийн чухал шийдвэрүүд гарахад хугацаа алдахгүй байх, мөн Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван санал бүрийг хэлэлцэн санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Дэмжлэг авсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хэлэлцэх асуудлын товд тусгасанчлан Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолсон.
Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас санал болгосныг Төсвийн байнгын хороо дэмжсэн хэмээн танилцуулгадаа дурдаад нэр дэвшигчийн намтрыг уншлаа.
Дэлэгийн Загджав нь Ховд хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Цэргийн дээд сургуулийг, 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор. Тэрбээр 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн, 1993-1998 онд "Алтай интернэйшнл" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга, 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, 2020-2022 онд ШШБЕГ-ын даргаар ажиллаж байсан. 2023 оны 12 сарын 28-наас Үндэсний Аудитын Газрын Ерөнхий Аудиторын орлогчоор ажиллаж байгаа.
Нэр дэвшигчийн томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, нэр дэвшигч Д.Загджав бол төрийн албаны зовлон, жаргалыг мэдэх хүн хэмээн тодорхойлоод, харин аудитын газрыг ашиг сонирхлоос ангид байлгах, боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ шатны хөгжлийн гольдролыг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хүний нөөцийн чадавхад анхаараарай гээд аудит сайн ажилладаг боловч хариуцлага тооцох явдал сул байгаа хэмээн байр сууриа илэрхийллээ.
Гишүүд үг хэлсний дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжиж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоол 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хэрэгжих эхэлнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас бичгээр хүсэлт ирүүлсэн тул үдээсхойших хуралдаанаар хэлэлцэхээр товлосон Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлууллаа.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илтгэв. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих, эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Үүний дараа “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Монгол орон жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй ч 70.0 хувийг, 18 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулдаг. 2023 онд 10,5 сая ширхэг арьс шир боловсруулаагүй, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гадны худалдан авагчдын өрсөлдөөн өндөр, түүхий эдийн чанар тааруу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн орчин дутагдалтай, үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилчид дутмаг, тогтвор суурьшил муу зэргээс шалтгаалан малын түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдаж байгааг танилцууллаа. Дэлхийн зах зээлд бэлэн хувцасны хэрэгцээ 2027 онд 830 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа, үүний хоёр хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж, “эко” буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл 2032 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй гэсэн юм.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсарган “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд эрх зүйн орчинг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр авах арга хэмжээг тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулан асуух, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Ингээд уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад 56,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 63 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Төсвийн тогтвортой байдлын дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан. Хуулийн төслийг баталж, хэрэгжүүлсэн тохиолдолд төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой хэмээв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт, байр суурийг илэрхийлэх гишүүн байсангүй тул хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны танилцуулгыг хийв. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар төрийн өмчит компанид газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Монгол Улсад газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тоннд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтын хэмжээ эрс буурч, 2023 онд 600.0 орчим мянган тонн газрын тос олборлосон дүнтэй байна. Газрын тосны голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын тосны нөөц 14,02 сая.тн болж буурах, жилийн олборлолтын хэмжээ 700.0 мянгаас 400.0 мянган тонн хүртэл буурах төлөвтэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсч болзошгүй байна. Газрын тосны тухай хуулиар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж буюу Гэрээлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1.4-т заасны дагуу “ногдол ашгийн орлогод 10 хувиар, жилийн орлогод 25 хувь”-иар төлөх татвараас чөлөөлөгддөг. Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 4.1.14-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг” ойлгохоор заасан бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй учраас өөрт олгогдсон талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэгэн адил Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй байна. Иймд Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулснаар газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон тосоор хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 14 цаг 28 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.