Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусгаж бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 32.13 дахь хэсгийг “цахимаар хуралдаанд оролцсон бол санал хураахаас бусад асуудлаар хурлын ирцэд оруулан тооцож болно” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  

Мөн төслийн гуравдугаар зүйлийн 32.10 дахь хэсгийг “Баг, хорооны иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын Үндсэн хууль цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө урамшуулал олгож болно” гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд “жороо морины уралдаанд морио уяж уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4 10.5 10.6-д заасан болзлын хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цол олгоно” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл