Цэс

Холбоо барих

ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.05.31/ 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ талаарх саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.  

Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна  гэв.


Уг санал болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан үг хэлэв. Тэрбээр, Ерөнхий аудиторт төрийн болон орон нутгийн байгууллагын хариуцлагатай удирдах албан тушаалыг хашиж байсан туршлагатай хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, авлига, хээл хахуулиас ангид ажиллаж, аудиторуудын чадавхыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Дараа нь Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийн эцсийн хувилбар, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  4 дүгээр зүйлийг  “Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл