Цэс

Холбоо барих

Ашигт малтмалын лиценз, газар олголтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, олгох, бүртгэх үйл ажиллагааны талаар гурав, нутгийн захиргааны байгууллагаас олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвээр түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхайн тухай хоёр, тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны талаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хэрэгжилт болон гэрээ, үнийн тухай хоёр багц асуудал, мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшлийн талаарх асуудлыг сонсож, хэлэлцлээ. Түр хороонд нийт 14 хянан шалгагч, шинжээч ажиллаж, Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхай, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, уул уурхайн лицензийн шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал, АМНАТ-ийн болон татварын өр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон асуудал, орд газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зэрэгцүүлэн олгох, хууль бусаар олборлолт явуулах зэрэг 10 асуудлын хүрээнд дөрвөн тусгай шалгалт явуулсан байна. Түр хорооны хяналт шалгалтын хугацаанд нийт 55 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч тэдгээрээс 41 байгууллага хариу ирүүлсэн байна. Хариу огт ирүүлээгүй болон хугацаа хожимдуулсан 11 байгууллага, мөн дутуу ирүүлсэн есөн байгууллага байна. “Эдгээр байгууллагад хууль заасны дагуу зохих хариуцлагыг тооцох болно” гэж сонсголыг дүгнэхдээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тэмдэглэсэн юм.

Хянан шалгагч, шинжээч нарын ирүүлсэн мэдээлэл, тайлбар, тодруулгад тулгуурлан гэрч, тэднийг төлөөлөх хүмүүсээс асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан нээлттэй сонсголд давхардсан тоогоор нийтдээ 164 хүн дуудсанаас 116 хүн буюу 70.7 хувь нь ирсэн байна. Мөн, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Хил хязгааргүй алхам” Төрийн бус байгууллага, сонсгол даргалагчийн урилгаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Экологийн цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Сонсголоор, Усны тухай хууль зөрчсөн тухай, лиценз олголт, шилжүүлэлтийн тухай, ашиглалт олборлолт явуулдаггүй хэрнээ экспорт хийгээд байдаг тухай, суурьшлын бүсэд уул, уурхайн зөвшөөрөл олгосон, нэг бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгочихсон газар дээр суурьшлын бүс бий болгосон, түгээмэл тархацтай ашигт малтмал гэх нэрийн доор хууль бусаар түгээмэл бус эрдэс баялаг олборлож байгаа зэрэг олон бугшсан асуудал ил болсон юм.

“Сонсголыг зохион байгуулахдаа бид хэн нэгнийг буруутгахыг зориогүй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг барьж ажилласан. Энд ирж гэрчээр оролцон, мэдүүлэг, тайлбар өгч байгаа хүмүүс бол гэм буруутай хүмүүс биш. Уул уурхайн салбарын болохгүй, бүтэхгүй байгаа, алдаатай, оноотой байгаа асуудлуудаа ярьж, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэх, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах үүднээс төр, хувийн хэвшлийн аль алиных нь саналыг тэгш сонслоо. Хаана асуудал байна гэдгийг олж харах гэж ажилласан. Түүнээс хэн нэгнийг буруутгах, улс төр хийх, сонгууль угтсан популизм явуулах, хэдэн биеэ гавьяатан болгож харагдуулах гэж ийм зүйл хийгээгүй” хэмээн сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уг үйл ажиллагааг хаахдаа онцлон хэлсэн юм. Тэрбээр, гэсэн хэдий ч Хянан шалгах түр хороо сонсголоор илэрсэн ноцтой зөрчлүүдийг цаашид гүнзгийрүүлэн шалгуулахаар нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэлээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ноогдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас үүдсэн хууль бус үйлдлүүд, ажил хариуцан эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй болон санаатай, санамсаргүй үйл ажиллагаа, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй зэргээс үүдсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч ажиглагдаж байсан юм. Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үндэсний баялагтаа монгол хүн бүр эзэн болох, эвдэгдсэн газар нутгаа нөхөн сэргээх, боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж хөгжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг Хянан шалгах түр хорооны гишүүд дүгнэж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл