Цэс

Холбоо барих

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 04 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байдаг.

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгож буй нэр дэвшигчийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Цэдэвийн Цолмонг нэр дэвшүүлэхээр хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ саналыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд, дэмжсэн гэдгийг мөн дурдав. Ц.Цолмонг нэр дэвшүүлэхдээ онол, эрдэм шинжилгээний ажлын туршлага, Улсын Их Хуралд хууль тогтоох чиглэлээр ажилласан туршлага, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууль боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, шүүх байгууллагад ажилласан туршлагыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаагаа тэрбээр танилцуулгадаа онцолжээ.


Нэр дэвшигч Ц.Цолмон нь 1973 онд төрсөн. 1988 онд Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. 1993 онд  ОХУ-ын Омск хотын Технологийн сургуулийг фототехникийн технологич /бакалавар/ мэргэжлээр, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч /бакалавар/ мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуулийн хууль зүйн магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Тэрбээр ажлын гараагаа Улсын Их Хурлын Тамгын газарт эхэлж, Зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд одоо Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг түүний Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулав.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 77 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/ мэргэжлээр төгссөн. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажилласан нэр дэвшигч Р.Батрагчаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар захирамжаараа Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.


Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захиралаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын ажлын албаны дэд даргаар, 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Улсын Их Хурлаас Цэдэвийн Цолмон нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон юм. Байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Цэдэвийн Цолмон нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна хэмээн Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж, үүний зэрэгцээ нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Т.Доржханд, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг. Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч Ц.Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 68.3 хувь нь, нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9 хувь нь, нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9.5 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тогтоолыг уншиж, танилцууллаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Я.Содбаатар дарга танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа хүргүүлсэн гэв. О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны 01 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ. Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасан “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлснийг тус Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар үг хэлж, асуулт асуун нэр дэвшигчээс хариулт авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний олонх буюу 62.5 хувь нь Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг дэмжив. Санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэх болно гэдгийг Г.Занданшатар дарга мэдэгдлээ.


Нэгдсэн хуралдаан үргэлжилж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


Б.Саранчимэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.


Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж ажлын хэсгийн гишүүд үзсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан 1 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ч энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж байсан тул санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн төслөө татан авах тухай Улсын Их Хурлын гишүүдийн саналыг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эргүүлэн татаж буйгаа мэдэгджээ.  

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэпцэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэпэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх балтгэл хангах, санал, дүгнэтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийг ахлан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Л Мөнхбаатар, М.Оюунчимэг. Б.Энх-Амгалан нар ажиллажээ.


Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хурглдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Ажлын хэсэг Шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийт үнэн бодит мэдээллийг авах боломжийг тэгш хангах зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа нууцын холбогдох хууль тогтоомжийг шүүхийн шатанд хэрхэн зохицуулах талаар, төрийн нууцад хамаарах болон өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байх, иргэд нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтлан шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох боломжийг олгох зэрэг зарчмын зөрүүтэй 31 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцсэн хэмээн Б.Пүрэвдорж гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 33 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулав.

Дараа нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй гэлээ.

Д.Сарангэрэл гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасан журмын дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болгох талаар зарчмын зөрүүтэй санаг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэж санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулав.

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн гэв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ж.Батжаргал гишүүн танилцуулав.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан.

Энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар дээрх хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс залуу малчин гэр бүл болон хот сууринаас шилжин очиж хоёроос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхөд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, бэлчээр ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын шийдвэрт үндэслэн сум дүүргийн Засаг дарга шийдвэрлэх зохицуулалтуудыг нэмж төсөлд тусгасан тусгах нь зүйтэй хэмээн үзсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр, мал үржүүлэг технологийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг хөнгөлөлттэй зээл болон бусад хэлбэрээр дэмжихээр өөрчлөлт оруулан найруулах, малчны өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, малчин өрх, тэдгээрт газар эдэлбэрийн эрхийг баталгаажуулах малчны оролцоотой байгалийн нөөцийг сэргээх чадварыг бэхжүүлэх зохицуулалтуудыг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй 14 санал, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хороо ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн хэмээн Г.Мөнхцэцэг гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг явуулах гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Ж.Батжаргал гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл