Цэс

Холбоо барих

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.05.28) хуралдаж, Төрийн тусгай хамгаалалтын тухай Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг 12 асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Шинэчилсэн найруулгын төслийг долоон бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулж, хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл болон зөрчлийг арилгах, хэл, найруулгыг ойлгомжтой, тодорхой болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан байна. Тухайлбал, хэт ерөнхий тогтоосон төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн илүү нарийвчилж, тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон обьектыг шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож байгаа юм. Мөн төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх болон тусгай хамгаалалыг хэрэгжүүлэх арга, тактикыг нөхцөл шаардлагад нийцүүлж хэрэглэх, уян хатан байх боломжтой болгох зэрэг өөрчлөлтийг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хийлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Батрдэнэ, Б.Энхмгалан нар төсөлтэй холбогдуулан үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Бнхмгалан, Ннхболд нарын боловсруулсан зарчмын зөрүүтэй 31 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Бнхмгалан, Ннхболд нар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй дөрвөн санал боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн, хамт өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн саналыг мөн дэмжжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Засгийн газраас боловсруулж, энэ сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд оруулсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Улсын Их Хурлы дарга Г.Занданшатар мөн өдөр захирамж гаргаж, төслүүдийг Байнгын хороо бол болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулахдаа, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Э.Батмгалан, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Т.Доржханд, Ц.Мөнхргил, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн нар ажиллаж буй ажлын хэсэг хочр удаа, ажлын дэд хэсэг есөн удаа хуралдсан талаар дурдсан юм. Тус Ажлын хэсгээс хот, тосгоны удирдлагын зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, үүнийг хуулиар зохицуулах, мөн хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, зэрэглэл тогтоох зэрэг шийдвэрийг их өгөгдөлд суурилсан дэвшилтэт технологийг ашиглан гаргах, ингэхдээ уг шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж, сэндбокс орчинд туршиж, үр дүнг тооцоолох зэрэг зарчмын зөрүүтэй 38 санал гаргасан байна. Мөн тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл, тосгоны захирагчаас бүрдэх бөгөөд тосгоны зөвлөл есөн гишүүнтэй байх ба тэдгээр гишүүд болон тосгоны захирагчийг оршин суугчдаас сонгох, хот нь эдийн засгийн тусгай бүстэй байж болох зэрэг зохицуулалт тусгахаар санал гаргажээ. Түүнчлэн Ажлын хэсгээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан эрх шилжүүлсэн тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг хот, тосгоны зөвлөл, захирагч хэрэгжүүлэх, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын алслагдсан байршилд баригдсан нийгэм, соёл, эрүүл мэндийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн албан татварыг таван жилийн хугацаанд чөлөөлөх зэрэг зарчмын зөрүүтэй 46 санал бэлтгэсэн байна. Зарчмын зөрүүтэй дээрх 84 санал, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Чинзориг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн тухайн хотод гэснийг тухайн шүүхэд гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Э.Батмгалан нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 10 хувийг орон нутгийн төсөвт хуваарилах, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах санал гаргасныг дэмжээгүй ажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар явуулах санал хураалтыг түр хойшлуулсан юм.

Мөн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. Хууль, тогтоолын төслүүдийг Төрийн байгуулалты байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн талаар дурдаад, Ажлын хэсгээс Шинэ Зуунмод хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагааг тусгаж, хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг хангах зорилгоор олон улсын сан, санхүүгийн төв байгуулах, мөн бүтээн байгуулалтын хугацаанд хотын захирагчийг Нийслэлийн Засаг даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх зэрэг зарчмын зөрүүтэй нийт 10, найруулгын найман санал, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Тус Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй юм. Мөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар явуулах санал хураалтыг хойшлууллаа.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, дэд дарга Л.Мөнхбаатар нар ээлжлэн удирдсан юм. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагаж гарсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг танилцуулж, сонссонд тооцлоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагаж гарсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссонд тооцов. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагаж гарсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Түүнчлэн, Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дагаж гарсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Хуулийн төсөл буцаах тухай болон “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулан, сонссонд тооцов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тавилаа. Тэрбээр итгэлдээ, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19 Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно гэж заасныг дурдаад, жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгохтой холбоотой зохицуулалт тодорхойгүй байгааг тэмдэглэв. Хуулийн төсөлд, жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяач нарт улс, аймаг, сумын цол, чимэг олгох зохицуулалтыг тусгажээ. Хууль батлагдсанаар, үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжилж ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлж, жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх зэрэг ач холбогдолтойг тэрбээр илтгэлдээ онцолсон юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жороо морины уралдаанд эрлийз морь уралдах, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, жороо морины эздэд цол, чимэг олгоод эхлэхээр эрлийз морь уралдуулдаг хүмүүс барьцах эсэх талаар асуусан юм. Түүний асуултанд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хариулахдаа, Үндэсний их баяр наадамд эрлийз морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачдад улсын цол, чимэг олгож байгаа, нэмж олгох тухай асуудал яригдахгүй гэсэн юм.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Тогтоолын төсөлд, Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө болон хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тус тус батлахаар заасан байна. Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэлээс ирүүлсэн 2025 онд хэрэгжүүлэх нийт 68.0 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний саналыг тусгажээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс, уг төлөвлөгөөнд тусгагдах улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөөний биелэлтийг жигд зохион байгуулах, дэд бүтцийн чиглэлээрх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд, мөн тогтолын төслийн хавсралтад тусгагдсан бусад төсөл, арга хэмжээний нэр томъёог жигдлэх, тоон үзүүлэлтүүдийн хувь хэмжээг өөрчлөх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг уг төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн үндсэн арга зүйг ашиглаж үнэлэх, үр дүнг хангахад чиглэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлээгүй тул Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр, мөн Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль хэрэгжих хугацаатай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санаачилж энэ оны хоёрдугаар сарын 07-нд өргөн мэдүүлсэн уг төсөлд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахтай холбоотой зохицуулалтыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хугацааг сунгах асуудлыг тусгасан байна. Банкууд хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж буй ч олон улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчдын боломж зэрэг олон хүчин зүйлээс хамааран тодорхой хугацаа шаардагдаж байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хийв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олнх дэмжжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Байнгын хорооны дэмжсэн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Төсвийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаад байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Мөн энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Хуулийн төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн Албан татвараас чөлөөлөх тухай 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтад “бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 5.3-т заасан” гэсэн нэмэлт оруулахаар тусгаад байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хууль хэрэгжих хугацааг 2024 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэж заах санал гаргасан байна. Тус Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулав. Саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний санаачилж, энэ сарын 22-ны өдөр өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг мөнхүү үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд хууль санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Хууль санаачлагч нар төсөлд улсын төсвийн тогтвортой байдлын төрийн албаны эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд батлах үед манай улс Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан 2.0-оос дээшгүй хувийн хүү, 20 хүртэл жилийн хугацаатай зээлийн төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр буюу өгөөжөөр нь хорогдуулан тооцоход тохиромжтой байсан бол одоо арилжааны нөхцөлтэй зээл авах боломжтой болсон тул өрийг нэрлэсэн үнээр тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд мөнхүү тусгаж, 2025 оноос хэрэгжүүлэхээр заасан байна.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нарын зургаан гишүүн санаачилж, энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд эрх шилжүүлдэг болгохоор заажээ. Мөн Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлагагүй буюу бүрэн дундаас доошгүй боловсролтой байж болох тухай өөрчлөлтийг тусгасан байна.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар сонсож, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах тухай горимыг саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргав. Түүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг асуудлыг хэлэлцлээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм. Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг тусгай бүлэг болгон оруулах, Дэлхийн допингийн эсрэг дүрмийг үндэслэн допингтой холбоотой маргааныг олон улсын спортын арбитрын шүүхээр шийдвэрлэж байх, нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох, олимп, тив, дэлхийн наадам, аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд зогсоох зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаггийн гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналыг дэмжээгүй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл