Цэс

Холбоо барих

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.05.22) боллоо. Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар даргалан явуулсан юм.

Хуралдааны эхэнд, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүдэд дэвшүүлж буй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүүхдийн эрхийг хангах нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулах талаарх санал санаачилгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уламжлан танилцуулав. Тэрбээр, “Өсвөрийн парламент” хөтөлбөр гурав дахь жилдээ үр дүнтэй хэрэгжиж, энэ сарын 10-11-ний өдрүүдэд хаалтаа хийснийг мэдээлж, хөтөлбөрт жил бүр хүсэлтээ өгсөн 900 гаруй хүүхдээс 90 хүүхэд сонгогдон оролцож байсан бол энэ жилээс оролцоог нэмэгдүүлж 105 орчим оролцогчдыг хамруулсан бөгөөд хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сангийн жишиг хөтөлбөрийн нэг болсныг онцоллоо. Гурван жилийн хөтөлбөрт нийт 330 орчим сурагч 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгаран оролцсон бөгөөд тэд цааш анги, сургууль, аймаг, дүүргийнхээ үе тэнгийн хүүхдүүдэд сурсан мэдсэнээ хуваалцаж, эерэгээр нөлөөлж байдгийг сайд Х.Булгантуяа тэмдэглээд, энэ нь “Өсвөрийн парламент хөтөлбөрийн үр дүн, цар хүрээ өргөжүүлж байна хэмээн дурдав. Хөтөлбөрт оролцсон 330 оролцогч сүүлийн гурван жилийн хугацаанд нөлөөллийн ажил, “Цахим давалгаа ажлуудаараа нийт 500 000 гаруй хүүхдэд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчиндоо ээлтэй байх, хариуцлагатай иргэн байх талаар мэдээлэл хүргэж, хамтран ажиллажээ.

Өсвөрийн парламент 2023 оны хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд, Монгол Улсын төр, засгаас аливаа асуудалд бидний саналыг авдаггүй, сонсдоггүй, бидний оролцоог хангадаггүй атлаа ач холбогдолгүй асуудалд маш их төсөв тусгадаг гэсэн шүүмжлэлийг Улсын Их Хурал, Засгийн газарт хандсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүүхдийн эрхийг хангах нөхцөл байдал эрх зүйн орчныг сайжруулах талаарх саналуудынхаа хамт дайсан байна.

1. Хүүхдийг цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдруулах үүрэг амлалтаа биелүүлэхэд чиглэсэн зоригтой, бодитой алхмуудыг хийж, хүүхдийн эрхийг хүндлэн хамгаалж, ханган биелүүлэх,

2.  Бүх насны харилцан адилгүй нөхцөл байдалд, тухайлбал, хотод гэр болон байшин хороолол, хөдөөд аймаг, суманд амьдарч байгаа хүүхдүүдэд уур амьсгалын өөрчлөлт өөр өөр нөлөө үзүүлэх магадлалтай учраас хүүхдийн эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг тогтмол хийдэг байх,

3. Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох төлөвлөгөө, шийдвэр, шийдэл боловсруулахдаа хүүхдүүдийг хамруулан оролцуулж, аюул гамшгийн үед хэрхэх зэрэг шаардлагатай мэдээллээр хангах,

4. Хот, суурин газрын нүүрсээр ажилладаг халаалтын болон уурын зуухыг бүрэн халж, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн барилга байгууламжийг төвлөрсөн системд холбох, цэвэр эрчим хүчний технологид шилжүүлэх,

5. Цэцэрлэг, сургуулийн барилгын жишиг зураг төслийг шинэчлэн боловсруулж, агаар сэлгэх систем заавал суурилуулдаг байх, барилга барихад ашиглагддаг түгээмэл материалын чанарт хяналт тавих,

6. Сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын орчны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх, үнэлгээний мэдээллийн сан бий болгох,

7. Сургуулийн барилга, байгууламж, ус дамжуулах шугам хоолой, ариун цэврийн байгууламжийг үер болон байгалийн гамшигт тэсвэртэй байдлаар барьж байгуулах,

8. Сургууль, цэцэрлэгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн дэд бүтцийг шинэчлэх, засварлах зардлыг улсын төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлж, халуун, хүйтэн усны хэрэглээгээр бүрэн хангах,

9. Боловсролын ерөнхий хуульд танхимын бус сургалтаар байгаль орчныг хамгаалах, тандан судлах хүрээнд нийгэмд чиглэсэн ухуулга нөлөөллийн ажлыг нэмж тусгах,

10. Анги танхимын дүүргэлтийг норм хэмжээнд байлгах,

11. Хүүхэд, өсвөр үеийнхний байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, дасан зохицох, даван туулах, эрүүл мэндээ хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, тэдний санал, санаачилга, үйлдлийг орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжих, хамтран хэрэгжүүлэх үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх,

12. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудаас 2019 онд санаачлан баталсан Засгийн газар хоорондын “Хүүхэд, залуучууд уур амьсгалын үйл хэрэг тунхаг бичигт нэгдэн орох,

13. Парламентын боловсрол, Өсвөрийн парламент хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү хүртээмжтэй, ойлгомжтой, сайн агуулгатай болгох, хамрах хүрээг өргөжүүлж улс даяар явуулах боломж бүрдүүлэх,

14. Парламентын ардчиллын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, иргэд олон нийтэд таниулах, музейтэй байх,

15. Хууль тогтоомж сурталчлах төвийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд байгуулах

гэсэн саналуудыг “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд гаргаж, Улсын Их Хурлын гишүүд, сайд нарт илгээсэн байна.


Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаах санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний зөвлөл болгох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тогтмол үйл ажиллагаа явуулах Үндэсний зөвлөлийн ажиллах хугацааг хуулийн төсөлд тодорхой тусгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллах зэрэг санал дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх тухай заалтыг хасах санал гаргажээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 20 санал нэг бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан, өргөн мэдүүлсэн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулав. Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож байхаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх зохицуулалтыг тусгасан байна. Тус хуулийн төсөл батлагдсанаар Монголын ард түмний түүхэн уламжпал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Тэрбээр, хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор https://d.parliament.mn цахим системд байршуулаад байгааг мэдээлээд, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа төрийн далбааг байнга мандуулах байршлийг хэрхэн тогтоох талаар асуулт асууж, хариулт авсан талаар танилцуулав. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, төрийн сүлд, төрийн далбаа, төрийн дуулал гэхийг улсын сүлд, далбаа, дуулал гэж солих боломжтой эсэх талаар асуув. Түүний асуултанд өгсөн хариултдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн хэмээн Үндсэн хуульд заасан тул “төрийн” гэх үгийг “улсын” болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Мөн тэрбээр, энэ оны долдугаар сарын 10-нд тохиох “Төрийн далбааны өдөр”-өөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа талаар мэдээлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараа нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уг төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингаас хуулийн төслийн 2 дугаар зүйлийн эсхүл гэснийг хасах, 3 дугаар зүйлд тусгасан хууль хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаар зарчмын зөрөөтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Дээрх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хийв. Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсанаас гадна эрүүл мэндээрээ хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан албан хаагчдын асуудлыг хэрхэн зохицуулах талаар, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн цэргийн байгууллагуудаас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааны талаар асуулт асууж, хариулт авчээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хоронд шилжүүлэв.


Үүний дараа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдийг санаачилж, өргөн мэдүүлсэн Н.Энхболд нарын 14 гишүүний нэрсийг нэг бүрчлэн дуудаж, анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу бэлтгэгдсэн зарчмын зөрүүтэй нэг саналыг Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн олонх дэмжсэн талаар дурдсан юм. Зарчмын зөрүүтэй саналын томьёололд, хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгасан 7 дугаар зүйлийн 8 дахь нэмэлт хэсгийг “7.8. Энэ хуулийн 7.6-д заасан Ахмадын өргөө, бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол барилга байгууламж, хөдлөх ашиглалт, засварын зардлыг төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, холбогдох хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг энэ хуулийн төсөлд дахин тусгах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Засгийн газар дэмжээгүй заалтыг хасах, эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Түүний асуултанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл хариулахдаа, тэтгэвэрт гарсан ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бүлгийг хуулийн төсөлд оруулсан талаар танилцуулаад, ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх, эсэхээ өөрөө сонгож шийдвэрлэж болох уян хатан зохицуулалттай байхаар тусгасан гэсэн юм.

Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлэх, шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, шуурхай, чирэгдэлгүй болгох, ёс зүй цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож төгөлдөржүүлэх, мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон талаар танилцуулж, Улсын Их Хурлаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг баталснаар эрх зүйн орчинд ахиц гарсныг онцолсон юм. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, цахимжилтыг нэвтрүүлэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн төслүүдийг боловсруулснаа тэрбээр дурдаад, Монгол Улсын шүүхийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд шүүхийн нээлттэй, ил тод байх арга зам буюу хэлбэрийг нарийвчлан зааж, хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг сонирхогч этгээд биечлэн болон цахимаар танилцах боломж бүрдүүлэхээр, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэг бол олон нийтийн цахим сүлжээгээр хуулийн хүрээнд шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу, дүрсний бичлэгээр хүргэх харилцааг тухайлан тусгасан хэмээн танилцуулсан юм. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах хуулийн төслүүдэд тусгаж, бэлтгэл хангах үүднээс захиргааны хэргийг шүүхэд цахимаар хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны зургадугаар сарын 22-ноос, эрүү, иргэний хэргийн хувьд 2025 оны 12 дугаар сарын 22-ноос тус тус эхлэхээр заажээ. Цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүн таслах бүх үйл явц, үе шат хамаарах бөгөөд онцлог шаардлага бүхий платформ, баталгаатай цахим шуудан ашиглахаар тусгасан байна. Мөн шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болгох, шүүгч өөр ажилд тодорхой хугацаагаар томилогдон ажиллах тохиолдолд орон тоог нөхөн бүрдүүлж ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийн зэрэг дэвийн асуудлыг Улсын Их хурал нарийвчлан тогтоох зэрэг онцлог зохицуулалтуудыг оруулсан байна. Түүнчлэн, бүх шатны шүүхэд шүүгчийн туслахын хомсдол бий болсныг арилгах зорилгоор уг ажлыг эрхлэх хүн заавал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх гэсэн шаардлагыг хасахаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нарын гишүүдийн санаачлан, өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг гол үзэл баримтлалынх нь талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандагчир шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа асуудлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхмгалан шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, тэмдэглэлийг эвлүүлэн өөрчлөлт хийх засвар оруулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт, шүүхийн цахим хуудсанд байршуулах мэдээллийн хугацааны талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийн болон бусад материаллаг зардалд жилд ойролцоогоор 1 852.2 сая төгрөг зарцуулах шаардлагатайг болон Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслүүдийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, нарийвчилсан зохицуулалтуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлснийг тэрбээр танилцуулаад, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхийн ил тод байдлыг далимдуулан шүүгдэгчийг олон нийтийн сүлжээгээр яллах, шүүгчид нөлөөлөх нөхцөл байдал үүсэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлж санал авсан эсэх, Улсын Дээд шүүх, Засгийн газар ямар санал өгсөн, цахимаар хэрэг хянан шийдвэрлэх талаарх шүүхийн практикын судалгаа хийсэн эсэх, цахим шүүхийн платформыг блокчэйн технологид суурилах эсэх болон шүүгчдийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүдын асуултад хууль санаачлагч Д.Цогтбаатар хариулт өгч, шүүхийн үйл ажиллагаа хаалттай, нууц байх тусам сөрөг үр дагавартайг онцлон, АНУ-д шүүхийн бие даасан телевизийн суваг ажиллаж байгааг жишээлж, Улсын Дээд шүүх болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгээр ил тод, нээлттэй байдлыг хангахгүйгээс гарч буй үр дагаварыг илүүтэй онцолсон болон өнөөдрийн хаалттай нөхцөл байдал цааш үргэлжил болохгүйг ихээхэн чухалилж ярилцсан гэсэн юм.  Мөн хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, өнгөрсөн хугацаанд бид төрийн мэдээлэл солилцооны Хур системээр шүүхийн 18 төрлийн лавлагаа, мэдээлэл солилцдог болсон хэмээн танилцуулж, амьдрал дээр шүүх хурлыг нээлттэй явуулах боломж бүрдсэн тул эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлагатай болсон гээд, технологийн хувьд шүүх өөрөө бие даасан, хараат бус байх зарчим хэрэгжүүлэх үүднээс блокчэйн буюу кодлогдсон хараат бус технологийг ашиглана гэлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлээд, хэлэлцүүлгийн шатанд анхаарах, сайжруулах шаардлагатай өсвөр насны хохирогчтой хэргийг шийдвэрлэх, шүүгчдийн оны болон зэрэг зиндааны ялгаа гаргахгүй байх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн үйл ажиллагааг шүүгчийн лизнез, зөвшөөрөлтэй хамаатуулахгүй байх зэрэг цөөнгүй асуудал байгааг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж, шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгосноор “хонгилын шүүгч” гэсэн зүй бус зүйл гарахгүй, шударга байдал төлөвшинө гэдгийг онцолж, хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, өмгөөлөгчдийн ажиллах боломж, нөхцөлийг сайжруулах, шүүх хуралдааны бичлэг цахим хуудсанд хадгалагдах хугацааг нарийвчлан тогтоох, урт хугацаагаар үргэлжилсэн шүүх хуралдааны аль хэсгийг ил байлгах зэрэг асуудалд анхаарахыг зөвлөв.

Энэхүү Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахын өмнө Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу боловсруулсан нэг саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж шийдвэрлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-д заасныг баримтлан зургаан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжжээ.

Өөрийн хийсэн танилцуулгатай холбогдуулан тэрбээр Ажлын хэсгээс нэг шүүгчид оногдох ажлын ачаалал ямар байгаа, уг ачаалал шүүгчийн гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж буй эсэх, тэдний хараат бусаар ажиллах нөхцөл, цалин хангамжийн талаар асууж, хариулт авсан юм. Түүний асуултанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг хариулсан юм. Тэрбээр, бидний судалгаагаар, эрүүгийн хэргийн шүүгчид жилдээ 105, иргэний хэрэг дээр 209, захиргааны шүүхийн хувьд нэг шүүгчид 50 орчим хэрэг оногдож байвал зохист ачаалал гэж үзнэ. Гэтэл одоо энэ ачаалал 200 дахин давчихсан байна гэлээ. Тус зөвлөлийн 2016 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсад нийт 699 шүүгч ажиллахаар тогтоосон бөгөөд хэлэлцэж буй хуулийн төслүүдийг энэ ачааллаар тооцон төлөвлөжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн зарчмаар байгуулах эрх зүйн үндэс бол бүрдсэн талаар дурдаж, энэхүү Шүүх байгуулах тухай хууль батлагдсанаар анхан шатын шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, маргааны төрлөөр дагнасан хоёр шинэ шүүх буюу гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх, хялбар ажиллагааны шүүх ажиллах нөхцөл бүрдэнэ гэлээ. Ингэснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх зохион байгуулалтад өөрчлөлт орж, шүүгчийн ажлын ачаалал тэнцвэржин, тэр хэрээр иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чанартай болох ёстой гээд, анхан шатын шүүхүүдийг тойргийн зарчмаар байгуулахдаа алслагдсан дүүргийн шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээсэн болон аймаг дахь эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг нэгтгэж байгаа, харин Орхон, Дарханул аймгийнх тусдаа ажиллахыг танилцуулсан юм. Мөн тэрбээр, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн тогтолцоог нэвтрүүлснээс хойш 20 жилийн дараа энэ тогтолцооны хөгжлийн дараагийн үе шат руу шилжиж байна хэмээгээд, хуулийн төсөлд Хялбар ажиллагааны дагнасан шүүх 2025 оноос, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оноос ажиллаж эхлэхээс тусгасныг онцлов.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, Хууль зүйн байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэнээр төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн үүний өмнө хэлэлцсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Үүний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Байнгын хороо хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Үндэсний Аудитын газраас сонгуульд зарцуулах зардлыг дээд хэмжээг тогтоосон үндэслэлийн талаар асуулт асуусан юм. Түүний асуултад Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Батрдэнэ хариулахдаа, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 1.2 тэрбум төгрөгөөр тогтоосон нь тойрог томссонтой холбоотой гэсэн юм. 2020 оны сонгуулиар энэ хэмжээ нэг аймагт 400 сая төгрөг байсантай харьцуулахад одоо гурван аймаг нийлж нэг тойрог болсон нөхцөлд зардлын дээд хэмжээ өсөөгүй хэмээн тэрбээр тайлбарлаад, харин ч сонгуулийн зардлыг бууруулах зохицуулалтууд хэрэгжиж эхэлсэн гэсэн юм. Энэ талаар иргэд, сонгогчдод зөв ойлголт өгч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Сонгуулийн ерөнхий хороонд зөвлөлөө.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Засгийн газраас санаачилсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулга болон санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Идэрбат нар хийв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дурдаад, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн таван зүйл, Байнгын хороо дэмжээгүй хоёр санал, мөн хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналыг томьёоллууд бэлтгэснийг танилцуулсан юм. Эдгээр зарчмын зөрүүтэй 11 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн тэрбээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуалдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулгадаа дурдсан юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 11 саналын томьёолол болон анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймл хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл