Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.05.21) хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл удирдан явуулав.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан байна.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөлд зөвхөн амиа алдсан албан хаагчдын ар гэрт олгох тусламжийн асуудлыг тусгасан байгааг дурдаад, амиа алдаагүй ч эрүүл мэндээрээ хохирсон албан хаагчдад үзүүлж буй халамж, тусламжийн төрлүүдийн талаар асууж хариулт авсан юм. Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Батрагчаа хариулахдаа, хуулийн төсөлд чиг үүргээ хэрэгжүүлж яваад гэмт халдлагыг таслан зогсоох үед хөдөлмөрийн чадвар алдсан албан хаагчийн тэтгэвэр авах эрхийг нэмэх, сайжруулах зохицуулалт хамаарна гэсэн хариулт өгсөн юм.
Эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийснийг үндэслэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Төслийн хоёр болон гуравдугаар зүйлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Анужингийн гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин төслийн хоёрдугаар зүйлээс “эсхүл” гэсэн үгийг хасах, мөн монгол Улсын Төсвийн тухай хуульд нийцүүлэн тус хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх тухай санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсэн нэг асуудлаар Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан юм. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгасан 7 дугаар зүйлийн 8 дахь нэмэлтийг “7.8.Ахмадын өргөө, бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол ашиглалт, засварын зардлыг төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулах тухай зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ заалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, “төрийн болон орон нутгийн өмчийн” гэсний ард “хувийн хэвшлийн” гэж нэмэх санал хэлсэн юм. Гэвч Ажлын хэсгээс, “хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлнэ” гэсэн хатуу заалт байгаа тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн байрыг хуульд оруулах боломжгүй гэсэн хариулт өгөв.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар дурдаад, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн таван зүйл, Байнгын хороо дэмжээгүй хоёр санал, мөн хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг онцлов. Энэхүү чиглэлийн дагуу төслийн 6, 7, 12, 41, 46, 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт болон хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.
Мөн Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсны анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.