Цэс

Холбоо барих

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг үргэлжлүүллээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 35, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй есөн санал бэлтгэснийг нэг бүрчлэн санал хураасан юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан зарим зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй юм. Хуулийн төслийн 47.1.1-47.1.3 дахь заалтууд дахь төрийн худалдан авалтыг багасгах талаарх түүний саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн тэрбээр хуулийн төслийн 47.5 дахь хэсгийн “сонгон шалгаруулалт” гэсэн үгийг хасах санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй байна. Энэ саналаа тэрбээр, аливаа сонгон шалгаруулалтын ард дандаа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил байдаг хэмээн тайлбарласан юм. Түүний гаргасан саналыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжлээ.

Төслийн 47 дугаар зүйлийн талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлэхдээ, энэ хууль хувийн хэвшилтэйгээ төр нь өрсөлдөх хууль болж байна хэмээн сануулж, үнэ буулгах сайхан санааны ард дарга нарын авлига хэрээс хэтэрнэ шүү гэлээ. Үнэ бууруулах, хөнгөлөх маш олон арга бийг тэрбээр хэлж, зах зээлийн зарчмаасаа ухрах нь буруу гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яам өөрөө компаниудын ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, энэ зах зээл мафижсан гэдгийг Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах Түр хорооноос явуулсан сонсголоор гаргаад ирсэн. Гэтэл өнөөдөр хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр зарим компанийн төлөөллүүд суучихсан, үүнийг унагаа, үүнийг босго гээд нөлөөлж байна. Өмнөх парламентын үед энэ хуулийн төсөл ингэж унасан, одоо ч бас унагах бодлого явж байна гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төсөл санаачилсан талаарх танилцуулга хийв. Тэрбээр, өнгөрөгч долоо хоногт Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа хамгийн том асуудал бол ашигт малтмалын лицензийг эмх замбараагүй, орон нутгийн саналыг авалгүйгээр олгож буй болон хариуцлагагүй уул уурхай гэдгийг очсон газар бүрт ярьж байна. Иймд энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлсэн хэмээгээд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн төсөлд, тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох, мөн тухайн сум, багийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авсан байх, лиценз хүссэн өргөдөл гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зэрэгцээ нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэсэн байх, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа, байгаль орчныг нөхөн сэргээх талаар хийж буй ажилд хяналт тавих төлөөлөгчийг иргэдийн дундаас сонгож ажиллуулах зэрэг зохицуулалт тусгасныг танилцуулав. Хуулийн төслийг харьяаллын дагуу Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх юм.

Хуулийн төсөл санаачилсан үндэслэлээ тэрбээр Баянхонгор аймгийн жишээгээр тодотгож, орон нутгийн захиргаа, аймаг, сумдын удирдлага татгалзсан санал өгөөд байхад түүнийг үл тоож, үндсэндээ хуйвалааны аргаар лиценз олгож байна гэсэн шүүмжлэлийг ард иргэд хэлж байгааг онцолсон юм. Ингэж олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өгсөн бөгөөд сайд Ж.Ганбаатар уг шаардлагыг эерэгээр хүлээн авч, зохих ёсоор шийдвэрлэсэн талаар тэрбээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Цаашид ийм дур зоргын, хүчээр түрий барьсан байдлыг таслан зогсоох, цэгцлэх зорилгоор дээрх хуулийн төслийг бид санаачилсан хэмээн тэрбээр тэмдэглэлээ. Мөн тэрбээр, энэ сарын 27-28-нд энэ асуудлаар нээлттэй сонсгол болохыг зарлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс санаачилсан Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн онцлогийг харгалзан малчин өрхийн анхдагч холбоо 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтай байх, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээрийг гишүүдэд хуваарьтай ашиглуулах тухай заалтуудыг нэгтгэж, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх, бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байхаар өөрчлөн найруулах, мөн хуулийн төслийн нэрийг малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай гэж, гэрээт бэлчээрийн газар гэсэн нэр томьёог гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн газар гэж өөрчлөх санал гаргасан зэргийг онцлон дурдав. Малчин өрхийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоогүй байх зарчмыг баримтлан сум, аймгийн малчин өрхийн холбоог үүсгэн байгуулах хурлыг Засаг дарга зохион байгуулахаар заасныг хасах зэрэг зарчмын зөрүүтэй 25, найруулгын нэг, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй найман санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин төслийн хууль тогтоомжийн хэсэгт Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг нэмэх тухай санал олонхын дэмжлэг аваагүй байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Малчны тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийн төслүүдийг нэгтгэх боломжтой эсэх, малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хүүгийн 75 хувийг төрөөс хариуцахаар Засгийн газар шийдвэрлэсэн нь хэрхэн хэрэгжих талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад асуулт тавив. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн түүний асуултад хариулахдаа, хуулийн төслүүдийн зохицуулах суурь харилцаа нь ялгаатайг онцолж, төслүүдийг нэгтгэх талаар Байнгын хорооны хурлдаанд яригдаагүй гэсэн юм. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, энэ сарын 07-нд манай яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монголбанк болон арилжааны банкуудтай гэрээнд гарын үсэг зурсан гээд, Засгийн газрын шийдвэрт хүсэлт гаргасан малчдын зээлийн хүүгийн 75 хувийг төлөхөөр тусгасан тул малчдын хүсэлтийг судалж, нэгтгэх ажил хийж байгаа талаараа мэдээлэв. Түүний хэлснээр, өчигдрийн буюу энэ сарын 16-ны байдлаар 16 000 малчин 170.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт хүсээд байгаа юм байна. Энэ хүсэлтийн дагуу ирэх долоо хоногийн эхнээс зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгож эхэлнэ хэмээн сайд Х.Болорчулуун хариуллаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулсан асуудлыг хөндөж, малчин иргэдээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар маш их хүсэлт ирүүлж байгааг дурдаад, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт тавьсан юм. Малчдын нийгмийн даатгалд хамрагдах, улмаар төр, нийгмийн үйлчилгээг авах нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах үүднээс энэ асуудлыг шийдвэлэх нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн хамт энэ талаар 2020 онд хууль санаачилж, 2021 онд нэг жилийн хугацаагаар хэрэгжүүлсэн боловч цаг үеийн нөхцөл, цар тахлын хөл хорио зэрэг хүчин зүйлүүдээс хамааран тэгш бус байдлаар хэрэгжиж, малчид бүрэн хамрагдаж чадаагүй тухай яриад, одоо дахин хууль санаачилж, өргөн мэдүүлээд байгаагаа дурдав. Мөн Малчны тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан байна.

Асуулт, хариултын дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус хуульд одоо хүчин төгөлдөр байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хасахаар заасныг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн илэрхийлэв. Уг зохицуулалттай холбоотой саналыг Байнгын хороон дээр гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өгөв. Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналууд олонхын дэмжлэг аваагүй тул гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүний санаачсан Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулж, малчдын залгамж халааг бэлтгэх, тэдэнд насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, мал аж ахуйн салбарт цахим шилжилтийг нэвтрүүлэх, мөн малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, хэлбэр, төрийн оролцоог тодорхой болгох, хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжих, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилснаа дурдсан юм. Түүнчлэн, Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглах уламжлал, зан заншлыг хадгалах, хамгаалахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлэх зэрэгт хуулийн төслийг зорилго чиглэжээ.

Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хөдөө, орон нутгийн иргэд малчдад төрөөс үзүүлэх эм, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун малчдын нийгмийн асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ, байгалийн нөөц, бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах, хил хязгаар тогтоох, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн тус Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мал, аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд малчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдний мал маллах арга ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн зохистой ашиглалт, мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохистой дадлыг нэвтрүүлэх, малчдын эрх үүргийг тодорхой болгож, төрөөс үзүүлэх дэмжлэг зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн явцад сайжруулах шаардлагатайг дурдсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Малчны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороон санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Н.Энхболд, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд байгалийн гамшгийн давтамж, хөдөө аж ахуйд тулгамдаж байгаа эрсдэл, бэлчээр ашиглалт, хадлан тэжээлийн хангалт, малчдын орлогын тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг шинэчлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнэ, ханшийг өсгөн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг онцлон хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн малчны тухай болон Малчин өрхийн холбооны тухай хуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчилж, уг бодлогодоо уялдуулах байдлаар энэ хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн юм. Мөн сүүлийн үед малчдын талаар төр, засгаас авч байгаа бодлого, хөтөлбөрүүдийг нягт уялдуулах шаардлагатайг анхаарууллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хуульд заасан эрх, үүргээ малчид биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох, малчны хөгжлийн санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэрүүдийн талаар асууж, малчдын холбоо, малчин өрхийн холбоо, малчдын хоршоо зэрэг бүтцүүдийн ялгаа, заагийг нарийвчлан зохицуулах шаардлагатайг онцолсон юм. Малчдын үүрэг гэдэг бол мал аж ахуйн арга ажиллагааны зөв дадлуудыг хэлж буй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тайлбарлаж, эдгээр зөв дадлуудыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй гэсэн хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, малчдыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар заасныг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй уялдуулах зүйтэй гэсэн юм. Мөн тэрбээр, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасныг талархан дэмжиж байгаагаа онцлоод, хуулийг батлагдсаны дараа сайтар сурталчилж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд малчид төр, засгаас зээл, тусламж хүсээд байдаггүй ч гэлээ өмнө гаргасан тушаал, шийдвэрийг үр шимийг алдаг оног хүртдэг байдлыг харгалзан, тэдний авч чадаагүй урамшууллын үлдэгдлийг буцааж татах бус, малчны хөгжлийн санд хийдэг байх ёстой гэж үзэж байгаагаа хууль санаачлагчид уламжилсан юм. Түүнчлэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас малчид эрсдэлд их ордог атлаа хувийн хөрөнгөө хамгаалж байгаа гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр, дэмжлэг туслалцаа авдаггүйг дурдаж, хуулийн төсөлд бага зэрэг дэмжлэг туслалцаа олгохоор тусгасныг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр, өвөлжөө, хотондоо байшин сууц барьсан малчин өрхүүдийг ипотекийн зээлд хамруулдаг байх асуудлыг судалж, хуулийн төсөлд тусгах санал гаргав.

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хуулийн төслийг боловсруулсан талаар дурдаж, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг шинэчлэн сайжруулах бодит шаардлагуудыг нэрлэсэн юм. Хуулийн төсөлд, танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн шийдвэр гаргах ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд танхим нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, ашгийг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтны өмнө төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөө сайжруулахтай холбоотой сайнал хүргүүлэх болон зөвлөл, хороо, комисс, ажлын хэсэг зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулж ажиллахаар заажээ. Хуулийн төсөлд тусгаснаар, Монголын Үндэсний танхимд аж ахуйн нэгж, компаниуд гишүүнээр элсэхгүй, харин аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд үндэсний танхимд гишүүнчлэгдэх бөгөөд аж ахуйн нэгжүүд тэдгээрээс өөрийн харъяалагдах танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж, түүгээр дамжуулан үндэсний танхимын үйл ажиллагаанд оролцох юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гарал үүсэл тодорхойлох, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх, бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ, арбитр, эвлэрүүлэн зуучлал зэрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд эдгээрийн үнэ хөлсний хэмжээг танхимын Удирдах зөвлөл тогтооно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулаад, хуулийн төсөл батлагдсанаар танхимын бие даасан байдлыг хангах, аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг монополийг задлах, чөлөөт зах зээлийг дэмжих, санхүүжилтийн асуудлыг олон улсын жишигт хүргэх, бие даасан байдлыг хангах чиглэлээр ямар зохицуулалт туссан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хуулийн төсөлд салбарын танхим аймаг, нийслэлд нэг байхаар тусгасан нь хүн ам болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж цөөтэй аймагт хэрхэн хэрэгжих, боловсон хүчний талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танхимын зүгээс аж ахуйн нэгж болон ажиллах хүчний эрх ашгийг хамгаалах асуудлыг Хөдөлмөрийн хуультай хэрхэн уялдуулсан болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг хийхэд танхимын төлөөллийг оролцуулах боломжийн талаар, мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ч.Ундрам нар хуулийн төслийг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай хэрхэн уялдуулсан талаар асууж, хариулт авчээ.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, эдийн засаг, бизнесийн чиглэлээрх хуулийн төслийг парламентаар хэлэлцэн батлахад танхимын төлөөллийг оролцуулдаг байх, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин аж ахуйн нэгжүүдийг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийн талаар санаачлагатай ажиллах, эдийн засаг, бизнесийн хууль тогтоомжийг орон нутагт мэдээлэх, сурталчлан таниулахад идэвхтэй оролцох, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танхим Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн сайн багтай болж, энэ талаар бодлогын түвшинд саналаа илэрхийлдэг байх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хууль хоорондын нийцлийг хангах, аливаа хууль урт хугацаанд тогтвортой үйлчилдэг байх зэргээр саналаа хэлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин, Н.Учрал, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Г.Ганболд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төр бизнесийг бүгдийг нь булааж авч байна, бизнест төрийн оролцоо хэтэрч их байгаа гэх зэрэг олон нийтийн шүүмжлэлд ямар байр суурьтай байгаа, төр, засгаас хэрэгжүүлж байгаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байх талаар томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэрхэн ажиллах, Улсын Их Хурлын сонгуулийн мөнгөний хамаарлыг багасгаж, ард иргэдийнхээ саналаа өгөх, сонгуульд оролцох суурь зарчмыг хангах зэрэг асуудлыг хөндсөн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, даваа гарагт улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусахад нэр дэвшигчдийг барьж саатуулдаг, хонгилддог, сонгуульд нөлөөлдөг зүйл гаргахгүй гээд, намын жагсаалтыг бизнесийн байгууллагуудад арилжих нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг гэдгийг онцгойлон сануулсан юм. Эдийн засагт төрийн оролцоо их байгаа талаар Монголын Худалдаа, аж үйлдэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин хариулт өгөхдөө, өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд ганц нэгээрээ ажил, асуудлаа шийдэхээр зүтгэж ирсэн нь авилга, хээл хахууль, төрийн байгууллагын хүнд суртал зэргийг нэлээд өөгшүүлж ирсэн. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ байдлыг өөрчлөх үүднээс асуудал, бэрхшээлээ аж ахуйн нэгж өөрөө хөөцөлддөг биш салбарын болон аймаг, нийслэлийн танхим нь ярьж, нийтлэг эрх ашгаа хамгаалдаг байх зарчим руу шилжүүлэхээр тусгасан. Ингэснээр хувийн хэвшлийн оролцоо илүү зөв болж, төрийн оролцоо хаана, ямар хэмжээнд байх нь илүү тодорхой болно гэлээ. Мөн тэрбээр, бизнесийн ёс зүйг дээшлүүлэхийн тулд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгоход танхим тусалж ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хувийн хэвшлийнхний төр засагтай харьцдаг гол холбоос бол танхим болохыг онцолж, аж ахуйн нэгжүүдийг танхим төр засагт лоббидож, хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлж ажиллах талаар хуулийн төсөлд хэрхэн туссан, мөн бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, гадаад зах зээлд гаргах, сурталчлах талаар ямар шинэ зохицуулалт орж ирсэн, олон улсын болон гадаадын компаниудыг төлөөлдөг АмЧам, ЕвроЧамбер зэрэг танхимуудын эрх ашиг, сонирхлыг хэрхэн тусгасан зэргийг асууж хариулт авсан юм. Үндэсний танхим хууль тогтоох зэрэг төрийн үйл ажиллагаанд оролцож аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг төлөөлж ажиллах, санал өгөх, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох зээг тодорхой зохицуулалтыг тусгасан талаар Монголын Худалдаа, аж үйлдэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин тодорхой танилцуулж, үндэсний танхимын удирдах зөвлөлд салбар танхимууд болон аймаг, нийслэлийн танхимуудын ерөнхийлөгч нар байх тул өөр хоорондын уялдааг хангаж бүрэн боломжтой гэсэн юм. Мөн гадаадын болон олон улсын компаниудыг төлөөлдөг танхимуудын саналыг авч хуульд тусгасан тухайгаа тэрбээр ярив.

Танхимын бүтцийг шаталсан зохион байгуулалттай байхаар тусгасан нь төрийн байгууллагын бүтэцтэй адилтгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл шүүмжилж, сайн дураар эвлэлдэн нэгдэх зарчмаас холдсон байна гэсэн дүгнэлт хийсэн юм. Мөн тэрбээр, хуулийн төслийг Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль хуультай сайтар уялдуулж, нийцлийг хангах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Мэргэжлийн нэгдсэн холбоог Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан эдийн засгийн салбар, ангиллуудаар тухайн салбарын мэргэжилтэн, экспертүүд, иргэд байгуулах бол салбарын болон аймаг, нийслэлийн танхимыг бол ашгийн төлөө хуулийн этгээдүүд буюу аж ахуйн нэгж, компаниуд байгуулна. Иймд холбоо, танхим нягт хамтран ажиллах ёстой хэмээн тайлбарлав. Ямар ч парламент, Засгийн газрын үед худалдаа, аж үйлдвэрийн танхим илүү хүчирхэг байж, салбарын хуулиуддаа санал, дүгнэлтээ тусгаж, чөлөөт зах зээлээ аварч үлдэх талаар хатуу байр суурь баримталж ажилладгийг тэрбээр дурдаад, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран холбогдох зөвшөөрлүүдийг цахимжуулах талаар ажиллаж, E-Business платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн тухай мэдээлэв.

Бизнесийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төр, засагт хүргэхэд энэ хууль гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг онцлоод, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдаж байгаа эсэхийг асууж хариулт авлаа. Мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиуд нэг зорилго, зарчим, үзэл санаатай байх ёстойг зөвлөж, эвлэрүүлэн зуучлах талаар тодорхой зохицуулалтууд орж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, танхимд энэ чиглэлээр бие даасан бүтэц байгуулж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танхим Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар мэргэжлийн үнэлгээ дүгнэлт хийж, уг асуудлаар тодорхой саналыг төр, засагт гаргаж шийдүүлдэг байх, энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн бүтэцтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, бизнесийн орчны доройтол, мухардлыг шийдвэрлэх, аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбаруудыг хамгаалахад танхим голлох үүрэгтэй ажиллах учиртайг зөвлөж, хуулийн зохицуулалтад тусгах нь зүйтэй гэсэн юм. Орон нутгийн танхимууд жилд нэг үзэсгэлэн худалдаа хийж, түүнийхээ түрээсээр бага зэрэг орлого олдог, шилдэг компаниудыг шалгаруулах, төр, засгийн тэргүүнүүдийн гадаад айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөл оролцуулах гэсэн хэдхэн л ажил хийдэг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд шүүмжлээд танхимын нийгэм, эдийн засгийн оролцоо, үүрэ хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Тэрбээр, танхимын гишүүн байхын давуу тал, ач тусыг бодитой болгох шаардлага байгааг дурдаж, энэ талаар хуулийн төсөлд дорвитой шинэлэг зохицуулалт ороогүй байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны гол зорилго нь Засгийн газар, салбарын яамдаас бизнес эрхлэгчдэд ээлтэй, хөгжлийн төлөө, зөв шийдвэр гаргахад нөлөөлж ажиллах явдал болохыг хэлж, танхим улстөржиж, төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцлыг бусниулж болохгүй гэдгийг онцгойлон сануулсан юм. Эдийн засгийг солонгоруулах, хөдөөгийн бизнес, үйлдвэржилтийг дэмжих, татварын орчныг зохистой болгох талаар танхим идэвх санаачилга гаргаж, нөлөөлж ажиллах ёстойг тэрбээр дурдаад, төрийн зохицуулалтыг оновчтой явуулахад танхим чухал үүрэгтэй болохыг зөвлөсөн юм.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг, Байнгын хороод анхаарч ажиллахад шаардлагатай зарим саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр, энэ хуулийн төсөл хоёр жилийн өмнө өргөн баригдсан боловч хэлэлцүүлгийн явцад үзэл баримтлалын зөрүү гарсны улмаас хууль санаачлагч нар буцааж татсан гэсэн тайлбар хэлээд, үзэл баримтлалын хувьд эх газрын эрх зүй буюу нийтийн эрх зүйн зарчмаар Худалдаа, аж үйлдвэрийн танхим заавал гишүүнчлэлтэй байхыг шаарддаг бол Англо-Саксоны эрх зүйн загвараар илүү сайн дурын шинжтэй байдаг. Францад 1599 онд анх Худалдаа, аж үйлдвэрийн танхим үүсэхдээ төрөөс үл оролцох буюу чөлөөтэй орхих гэсэн нийтлэг зарчим тунхагласан байдаг. Харин өнөөдөр бидний хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөл нийтийн болон хувийн эрх зүйн зарчмыг хослуулсан, хосолмол шинжтэйгээр орж ирж байна. Анхны танхимууд бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдаж, үйлдвэрлэл, түүний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг уялдуулан холбож чадахгүй байснаас Англи болон тус улсаас хамаарал бүхий орнуудад зах зээлийн томоохон сорилт, бэрхшээлийг үүсгэсэн эрх зүйн зарчим нь мөнхүү өөрчлөгдсөн байдаг. Япон зэрэг улс орнуудад сүүлийн үед танхимын эрх зүйд төрөөс үл оролцохтой зэрэгцэн төрөөс зөв оролцох гэсэн хосолмол зарчмыг баримталж байна. Иймд энэ зарчим руу нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж, хувийн хэвшлээ дэмжих тогтвортой орчин бүрдүүлэхэд Улсын Их Хурал ихээхэн анхаарал тавьж ажилласан гэсэн юм. Энэ хууль бол бизнесийн суурь хууль болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлоод, сууриа сайн тавихгүй бол цаашид хийх татварын реформ, хөрөнгийн хамгаалалт, хувийн өмчийн эрх зүйн шинэчлэл зэрэг олон чухал шийдлийг хийж чадахгүй гацахад хүрнэ гэдгийг анхаарууллаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, яаралтай хэлэлцэн батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Удахгүй Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаагаа тэрбээр дурдаад, Худалдаа, аж үйлдвэрийн танхим улстөржиж болохгүй гэдгийг онцолсон юм.

Санал хураалт явуулахад Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл