Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.15) хуралдаан гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд энэхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.


Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа хойшлуулсан. Өнөөдрийн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу холбогдох тогтоолын төслийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн гэлээ. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгасан байна. Бодлогын 8 тэргүүлэх чиглэл, 224 төсөл арга хэмжээг нийтдээ 11.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 3.9 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.8 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.2 их наяд төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 2.6 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 1.4 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.7 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэх юм байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тодруулга мэдээлэл авав. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зохицуулалттай холбоотой төлөвлөлт, төсөв ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг Х.Ганхуяг гишүүн тодруулахад “Төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд дагаж мөрдөх хугацааг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр, “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжих хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэмээн тусгасан байгаа учир 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ чиглэлээр төлөвлөлт тусаагүй” хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа. М.Оюунчимэг гишүүн нийслэлийн хөрсний бохирдлын талаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт болон одоо байгаа нөхцөл байдлын талаар тодотгоод, нийслэлийн хот төлөвлөлтийн асуудлыг хөндөв. Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар салбарын яамнаас холбогдох судалгаа хийсний үндсэн дээр дэд төвүүдийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, орон сууцжуулах замаар тодорхой газруудыг чөлөөлөх гэх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар ажлын хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ногоон зээлийн хүүгийн татаас, дэмжлэг үзүүлэх, энэ хүрээнд гурван банкаар дамжуулан иргэдэд 6 хувийн хүүтэй, аж ахуйн нэгж, байгууллагуудад 8 хувийн хүүтэй зээл олгох бололцоог бүрдүүлсэн байгаа гэв.


Б.Баттөмөр гишүүн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар асуухад “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарал хандуулан, шахаж ажиллаж байгаа. Биелэлт шаардлага хангахуйц гарна хэмээн төлөвлөж байна. Энэ оны тухайд экспорт болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч, бодлого хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 24 сая тонн нүүрс экспортолчихсон байна. Өнгөрсөн оны мөн үед бол 19 сая тонн нүүрс экспортолсон байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Нүүрснийхээ үнийг биржээр тогтоодог болсноороо нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Зэсийн экспортын тухайд өнгөрсөн оны 4 дүгээр сарын байдлаар 400 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 500 мянган тонн даваад байна. Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг бол экспорт, хөрөнгө оруулалт гэдэгтэй санал нэг байна” гэдэг хариултыг Ч.Хүрэлбаатар сайд өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Шинэ хоршоо” арга хэмжээний төлөвлөлт, төсөвлөлтийн талаар тодруулж хариулт авсан бол Т.Энхтүвшин гишүүн байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөлт, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Сум, тосгон гээд орон нутгийн тулгамдсан асуудал нь дэд бүтэц байна. Нэн тэргүүнд зам, удаад нь эрчим хүч гэх зэрэг анхаарал хандуулах шаардлагатай асуудлууд байгаа бөгөөд энэхүү төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байгаад баяртай байна” гэв.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн 86-д заасныг үндэслэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд эдийн засаг, бизнес хурдацтай хөгжиж буй өнөөгийн орчин нөхцөлд  тус танхим зохицон ажиллах, аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа нь энэхүү хуулийг боловсронгуй болгох үндсэн шаардлага хэмээн танилцуулсан.


Энэхүү шаардлага болон олон улсын сайн туршлагыг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн дээрх хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн шийдвэр гаргах ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмж хүргүүлэх болон зөвлөл, хороо, комисс, ажлын хэсэг зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалахаар тусгасан байна. Аймаг, нийслэлийн танхимын тухайд тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-иас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж болох бол салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мөн тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулах боломжтой байхаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тэдгээр нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх боломжтой байх аж. Түүнчлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын үндэсний танхимын гишүүн байх бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй. Өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх замаар Монголын үндэсний танхимын үйл ажиллагаанд оролцох юм байна.


Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүгийн бие даасан байдлыг хангах хүрээнд Монголын үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээ болох гарал үүсэл тодорхойлох, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх, бараа тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ болон арбитр, эвлэрүүлэн зуучлал зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг Монголын үндэсний танхимын Удирдах зөвлөл тогтоохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бие даасан байдлыг хангах, аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр хувийн хэвшлийг хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн болохыг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа.



Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Х.Ганхуяг, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах, хууль эрх зүйн орчны өөрчлөлтөд хянамгай байж, оролцоогоо хангах асуудлыг гишүүд хөндөхийн сацуу зах зээл дэх монополчлолыг задлах, чөлөөт зах зээлийг дэмжих, жижиг аж ахуйн нэгжүүд томрох, томоохон аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл рүү гарах үйл явцад Худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцоог тодорхойлсон эсэх, танхимын санхүүжилтийн механизмын өөрчлөлтийн талаар, хүний нөөцийн асуудал болон шинжлэх ухаан, бизнесийн салбарын уялдааг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл дэх зохицуулалтын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл