Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.05.14) НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стефэн Каргбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Нэн ялангуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд монголын арьс шир боловсруулах зарим аж ахуйн нэгжид сертификат олгож, Халал аргаар бэлтгэсэн малын маханд сертификат олгох чухал ажлуудыг ЮНИДО дэмжин хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газартай хамтран Монгол Улсад зориулсан тусгай хөтөлбөр /Country Program/ боловсруулж, уг хөтөлбөрөөр хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж буйд баяртай байна гэв. Тэрбээр тус хөтөлбөр хэрэгжснээр малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөө аж ахуйн салбарын жижиг-дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.


НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Баян-Өлгий, Ховд аймаг дахь аж үйлдвэрийн агро парктай танилцах завшаан тохиосныг дурдав. Тэрбээр, “Экспортыг дэмжих” төсөл маш богино хугацаанд үр дүнгээ өгсөн болохыг онцлон тэмдэглэж, монголын арьс шир боловсруулах аж ахуйн нэгжүүд сертификаттай болсноор гадны бизнес эрхлэгч, жуулчдыг татах бизнесийн шинэ гарцтай болж буйг тэмдэглэхэд таатай байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэлээ.

Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх А.Энхзул, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төслийн менежер Габор Молнар болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл