Цэс

Холбоо барих

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.


Уг хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн  дор зургаан сарын хугацаанд 150 оролцогчтой болж өндөрлөсөн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2024.05.13) “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.


Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон өсвөр үе, залуучуудад зориулсан парламентын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Зөв мэдлэг, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд “Өсвөрийн парламент” хөтөлбөр чухал үүрэгтэй бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж, хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат хэлсэн үгэндээ онцлов.


Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг улам сайжруулахыг эрмэлзэж байгааг тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж, парламентын боловсролыг олгох нарийвчилсан зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл