Цэс

Холбоо барих

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 205 дугаар захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.09) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсонтой холбоотой өөрчлөлт байсан. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэрлэлтийн гэрээний талаар шинэ зохицуулалтыг тусгахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын тодорхой болгож, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг нарийвчлан зохицуулсан хэмээв. Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг онцолсон.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтарсан багын үүргийг тодорхой тусгах, гэрлэлтийн гэрээний асуудал, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг төсөлд тусгасныг онцоллоо. Мөн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглосон гэлээ.  


Улсын хэмжээнд нийт 31 нэгжид 244 шийдвэр гүйцэтгэгч, 47 ахлах шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үүрэг гүйцэтгэж байна. Шийдвэр гүйцэтгэх алба нь хэлтсийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлыг шийдвэрлэх гэсэн үндсэн чиг үүртэйгээр ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар шүүхээр баталгаажсан хүүхдийн тэтгэлгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийслэлд 5915, орон нутагт 8130 хүүхдийн тэтгэлэг байна. Үүнээс насны ангиллаар тодруулбал, 0-11 нас хүртэл 14218, 11-ээс дээш насны 3145 хүүхдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Харин бодит биелэлтийн хувь 2,9 хувьтай буюу биелэлт хангалтгүй байх шалтгаан нь хаяг тодорхойгүй, эрэн сурвалжилж буй, төлбөрийн чадваргүй, хорих ангид ял эдэлж байгаа болон нэг шийдвэр гүйцэтгэгчид оногдох ажлын ачааллын улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашрах, хэрэгжилт хангалтгүй болдог байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн  шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын системд өр төлбөртэй эсэх лавлагааны систем, шийдвэр гүйцэтгэх албаны вэб сайт, талуудын вэб болон мобайл аппликейшн, мэдэгдлийн мобайл систем зэрэгт нэмэлт хөгжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, битүүмжлэх чөлөөлөх, данснаас суутгал хийх ажиллагааг арилжааны банк тус бүрээр тогтоол, мэдэгдэл хүргүүлэхээс шалтгаалж үйл ажиллагаанд үүсэх ачааллыг шийдвэрлэх зорилгоор банкуудын холбоосыг нэгтгэсэн “Банкны нэгдсэн программ”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хэмээн Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд танилцууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, нэхэмжлэх гаргагч нь дийлэнх тохиолдолд төлбөрийн чадамжгүй, амьжиргааны түвшинөөс доогуур орлоготой  байдаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хуулийн төсөлд тусгах, хамтран ажиллах багийн үүрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлтийг хангуулах талаар тодорхой болгох, талуудын хөрөнгө, орлого, зарлага, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой асуудал зэргийг хөндөж, санал солилцлоо.

Үргэлжлүүлэн ажлын хэсэг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 21 аймаг, нийслэл, есөн дүүрэгт газар хэлтэстэй, харьяа таван байгууллагатай үйл ажиллагаа явуулдаг байна. 2023 онд гэр бүлд чиглэсэн үйлчилгээндээ залуучуудад гэрлэхийн өмнөх боловсрол олгох, сургалт гэрлэх ёслолын арга хэмжээг таван аймагт зохион байгуулсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд архины хамааралтай хүчирхийллийн харилцаатай 48 гэр бүлд үнэлгээ хийж, 24 иргэн, дөрвөн хосод урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 773 иргэн, 418 хүүхдийг 14 төрлийн үйлчилгээнд холбон зуучилсан хэмээн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүрэг  гүйцэтгэгч Т.Ихтамир танилцууллаа.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчид өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашдын арга хэмжээний талаар санал бодлоо хэллээ. Мөн хуулийн төсөлд эцэг, эх байх эрхээ хасуулах, асрах гэр бүл, төрөл садангийн асрамжид байх хүүхэд, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хамгаалах, зорилтод гэр бүлд чиглэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн талаар илүү нарийвчлалтай тусгаж өгөх талаар хөндөж санал солилцлоо.


УИХ-ын гишүүдийн зүгээс олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтийн гэрээ байгуулахын ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх асуудалд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай талаар чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл