Цэс

Холбоо барих

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.03/ хуралдаан 51,4 хувийн ирцтэйгээр 11 цаг 05 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


Хуралдаан даргалагч Г.Занданшатар хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хамтран өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд урагшлуулж, гуравдугаарт оруулахаар санал гаргасныг өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Ганбат нар байр сууриа илэрхийлж, үг хэллээ. Ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56,8 хувь нь дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.


Үүний дараа нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Эхний саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,6 хувь нь, удаахыг 73 хувь нь дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Чууулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв.


Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр, Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд голчлон анхаарч ирснийг дурдаад, суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй. Бид хамтдаа цар тахлыг даван туулж, олон жил маргасан өргөн, нарийн царигийн маргааныг эцэслэн, боомтын боомыг тайлж чадлаа. Авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүлж бас чадлаа. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюу толгойн 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж, -4,6 хувьтай байснаас 7 хувийн өсөлтөд хүрсэн нь бүхэлдээ 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг хоёр дахин тэлж, валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ноогдох ДНБ сүүлийн хоёр жил дараалан 1000 ам.доллараар өсөж, өнөөдөр 5 875 ам.доллар хүрсэн байна. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал 2012 оны эдийн засгийн сэлэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Гол нь бид гаргасан алдаагаа дахин давтахгүйн тулд хамтдаа хичээх ёстой. Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүрд хүртээмжтэй болох суурь нөхцөл хэрэгжиж эхлээд байна. Баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлэх өнөө жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авах дараалалд байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудал бүрэн шийдэгдэнэ. E-Mongolia-д цахимжилт амжилттай хэрэгжиж, “Шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээг гар утсанд шилжүүлэн аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна. Нийгэм ч өөрөө авлигыг үл тэвчих, авлигыг үзэн ядах сэтгэл зүй давамгайлж төлөвшиж байна. Энэ бол өнгөрсөн цаг хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн юм.

Монгол Улс “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлоготой болж, 560 орчим бодлогын баримт бичгүүдийг бүгдийг нь нэгтгэж чадлаа. Энэ нь мөн л олон улсад үнэлэгдэж, улс орнуудын сайн туршлага болон судлагдаж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог анх удаа бүсчлэгдэн томорлоо. Тухайн үед биелэгдэхгүй мэт сонсогдож байсан ч эргээд харахад ард нь гарч чадсан. Шинэ сэргэлтийн бодлогын реформыг, Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг дэмжсэн УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацааны олон зүйлүүд ч гэсэн тухайн үед сонсоход хялбар байгаагүй. Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 20 минутын хот”-ын концепцыг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 онд өөрчлөлт хийж байсан. Түүнээс 32 жилийн дараа 1992 оны шинэ Үндсэн хуулиар есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан тэр цагаас хойш 32 жил өнгөрчээ. Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг нийслэлд манай нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна. Нийслэлийн 35 206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд, Төрийн ордныг тойрон төрийн 140 байгууллага байрладаг. Бага тойруу буюу 86 га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрч байна. Засаглал бүхэн харилцан хяналт, тэмцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай олон улсын нийтлэг жишиг байдаг. Ингэж сайн засаглал бүрдэх эрх зүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна аюулгүй байдал, хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Товчхондоо, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.

Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь чухал байна. Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэх боломжгүй. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байсаар байна. Нийслэлийн асуудал бол Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал та, бид асуудлаа бүр илүү хуримтлуулсаар байх болно. Улаанбаатар хот асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, эрх зүйн боломж ч, төсөв ч байхгүйг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлыг нь бүтэн шийдэж чадахгүй.

20 минутын хот” эрх зүйн цогц реформыг хэлэлцэж батлагдсанаар Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий, Шинэ Зуунмод хот, шинэ Хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг нийслэлтэй адилхан улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, бүсийн төвүүд, томоохон боомтууд улсын зэрэглэлтэй хот болох эрх зүйн боломжийг нээнэ. Нийслэлийг 14 хотод хувааж, бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотуудад үйлчилгээг 20 минутын дотор авах их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм. Нийслэлийн 204 хороог 42 нэгж буюу орон нутгийн статустай хот болгож, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгох эрх зүйн реформ хийхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Бага тойруу дахь төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулна. Бага тойруу-Хөшигийн хөндий чиглэлийг дүүжин гүүр болон туннелиэр холбож, 20 минутын дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог болох гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн оруулж ирж байна гэв. Уг гүүрийг Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ хуулийн хүрээнд гүүрэн байгууламж, Засгийн газрын баталгаа гаргах болон эрх зүйн бусад асуудлыг хамт тусгасан.

Хуулийн төсөлд аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бий болж, тээвэр, логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистик болон дэд бүтцүүд сайжирч, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, нийслэлээс эргэж шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах 20 минутын хот”-ын стандартад шилжих эрх зүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье гэв.


Харин уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцууллаа. Улсын Их Хурлаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.гэсний дагуу хуулийг шинэчлэн батлах үндэслэл бүрдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот нэг буюу Улаанбаатар, 70-110 мянган хүн амтай хот хоёр буюу Дархан, Эрдэнэт, 20-70 мянган хүн амтай хот-10, 10-20 мянган хүн амтай хот-8, 10-аас дээш мянган хүн амтай төвлөрсөн хот, суурин газар-27 байна. Хотжилтын түвшин 70,7 хувьд хүрсэн. Хот суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага бий болсон. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон ААНБ, оршин суугчдын харилцааг зохицуулсан байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье хэмээв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Ж.Батсуурь, Т.Аубакир, Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэллээ. Нэгж бүхэн эрх мэдэлтэй болсноор тайлагнах шат дамжлагыг цөөрүүлж, эрх мэдлийг анхан шатанд төвлөрүүлнэ. Их өгөгдөлд тулгуурласан төлөвлөлтийг хийнэ. Хүний хөгжлийн төвийг хот бүрт байгуулсанаар хотын төв руу орох шаардлагагүй болохыг “20 минутын хот” хэмээн томьёолсон талаар Ажлын хэсэг тайлбарлав.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 78,9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гишүүд тойрогтоо ажиллаж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зэрэг шинэ баталсан хуулиудыг танилцуулж, хэрэгжилтийг хангуулах тухай Улсын Их Хурлын даргын захирамж гарч байна. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг завсарлагагүй хэлэлцэж дуусгана гэв.

Тэрээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 57.2 болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль зэрэг эрх зүйн цогц өөрчлөлтийн хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Дөрвөн жилийн турш  хэлэлцэж, судалж, ажиллалаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн ам, эдийн засгийн төвлөрөл, улс төрийн төвлөрлийг “Хот гэж нэрлэдэг. Хотын олон арван онол бий. Хуучны хотууд том гол, мөрөн дагаж байгуулагддаг байсан. Дараа нь эдийн засгийн болон технологийн агуулгатай болсон. Хотын онолд үндэслэн хүн амын төвлөрөл, төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зарчимд нийцүүлж, сайн ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа газрын харилцаа нь их эмзэг асуудал учраас нарийвчлан үзэх шаардлагатай. Холбогдох Байнгын хороо тус бүрээр хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Багц хуулийн дотор зөрчилтэй, хийдэлтэй олон зүйл байгааг анхаараарай гэсэн юм.

Хуулийн төслийн Ажлын хэсгийг Улсын Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулахаар болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Харин үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн товыг хойшлуулж өгөх хүсэлт ирсэн тул  хойшлуулахаар тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаан Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл