Цэс

Холбоо барих

Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга


Органик бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хууль таван бүлэг, 19 зүйлтэй.




1) Нэр томьёо, органик үйлдвэрлэлд баримтлах зарчмыг тодорхой болгосноор органик бүтээгдэхүүн нь органик бус бүтээгдэхүүнтэй холилдохоос урьдчилан сэргийлэх, органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис хэрэглэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх талаар тодорхой тусгасан.

2) Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, органик үйлдвэрлэлд хориглох зүйл зэргийг тусгасан. Тухайлбал, органик үйлдвэрлэл эрхлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах, баталгаажуулалтын байгууллагыг өөрөө сонгох, хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүнээр элсэх хүсэлт гаргах, шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлэх, мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж ажиллах зэрэг эрх үүргийг хуульчилсан.

3) Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, баталгаажуулалтын байгууллагын эрх, үүрэг, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан, органик бүтээгдэхүүн болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг хэрэглэх зэргийг нарийвчилсан зохицуулсан.

4) Органик үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэх төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, батлагдах журам, стандарт, аргачлалын талаар, органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын талаар тусгалаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик бүтээгдэхүүн нь экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон гэрчилгээтэй байх, импортын органик бүтээгдэхүүнийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нийцсэн байх, органик бүтээгдэхүүнийг бөөнөөр нийлүүлсэн тохиолдолд шошгоны мэдээлэл жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй ижил байх зэрэг зохицуулалтыг тусгасан.



Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, экспортод гаргах эрх зүйн боломж бүрдэнэ.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл