Цэс

Холбоо барих

Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.04.26) нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэнээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайванг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилж, томилолтын хугацаа нь дууссан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшиний Бадралыг эргүүлэн татахаар санал ирүүлжээ. Уг саналын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулахдаа, Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хуулийн тогтоомжийн шалгуурыг бүрэн хангаж байгаа гэсэн юм. Тэрбээр, Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улс Элчин сайдын яамныг эдийн засаг, санхүүжилтийн шалтгаанаар 2017 онд зогсоосон бөгөөд энэ оноос эхлэн сэргээхээр тус улсын талтай зөвшилцсөнийг танилцуулж, Бүгд Найрамдах Узбекстан Улсад Монгол Улсаас суух Элчин сайдын яамыг шинээр нээн ажиллуулах асуудлыг Улсын Их Хурал өнгөрөгч нэгдүгээр сард шийдвэрлэснийг дурдлаа.

Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, С.Одонтуяа, Э.Батмгалан, Г.Амартүвшин нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны холбогдох ажилтнууд эрхэлсэн ажлаа хариуцлагатай, сайн гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонсож, уг илтгэл болон 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн танилцуулгыг Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид хийсэн юм. Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос 2023 онд хийсэн судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тус комисст ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хянан шалгалтын үр дүн, мөн төрийн, иргэний нийгмийн болон бусад байгууллагын албан ёсны тайлан, мэдээлэл зэрэг эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан байна. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд 16 давхардал, 29 зөрчил, 71 хийдэл байгааг тогтоосн талаар дурдаж, 180 улсыг хамруулсан хүрээлэн буй орчны 2022 оны индексийн үзүүлэлтээр манай улс 155 дугаар байранд байгаа бөгөөд агаар, хөрс, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгааг онцоллоо. Агаарын чанар ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ, үндэсний стандартаас хэд дахин бохир бөгөөд бусад өвчинтэй хавсраад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлтэй 10 хүчин зүйлийн нэг болжээ. Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон, аюултай хог хаягдал болоод байгаа ба усны нөөц сүүлийн 10 жилд 7.0 хувиар буурч, бохирдол нь стандартаас 10 дахин өндөр байна.

2023 онд Монгол Улс боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгджээ. Тус салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот, суурин газрын хүн амын хэт нягтрал суурьшлын тархалтаас шалтгаалаад хүртээмжтэй болж чадахгүй байгааг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид онцолж, сүүлийн гурван жилийн хугацаанд сурч боловсрох эрх зөрчигдсөн талаар 63 гомдол ирж, 59 хяналт шалгалт явуулсан талаар дурдлаа. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр шийдэгдэхгүй асуудлууд үргэлжилсээр байгааг тэрбээр тэмдэглэж, ялангуяа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлууд орхигдсоор байна гэсэн юм. Манай улсад 2022 оны байдлаар 1 282 373 хүүхэд бүртгэгдсэний 36363 нь хагас өнчин, 2911 нь бүтэн өнчин, 12882 нь  байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Төрөлжсөн асрамж, халамжийн газарт газарт амьдардаг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 насанд хүрсэн боловч очих газаргүйгээс тус газартаа үргэлжлүүлэн амьдарсаар байх нь их ажээ. Эрх бүхий байгууллагад энэ талаар удаа дараа санал хүргүүлдэг боловч шийдэгддэггүй байна.

Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгааг тэрбээр мөн онцолж, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн эхний дөрөвт гэр бүл, ахуйн хүрээний асуудлууд орох болсон, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн ихэнхийг гэр бүлийн орчинд эцэг, эх үйлдсэн, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байгаа зэрэг ноцтой баримтуудыг дурдав. Шүүхээр эцэг тогтоолгох, эцэг, эх байх эрхийг хасах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааны тоон үзүүлэлт жил бүр өссөр байгаа ч шүүхийн шийдвэр биелүүлэх байдал хангалтгүй, эцэг, эхийн хариуцлага хүлээх чадвар сул, олон нийтийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг ХЭҮК энэ удаагийн илтгэлдээ дүгнэжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ талаарх эрх зүйн орчин тодорхой болж, суурь алхмууд хийгдэж байгаа боловч зөрчигдөх явдал буураагүй бөгөөд ялангуяа, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид, тэр дундаа эмэгтэй зүтгэлтнүүдэд эрсдэл, аюул ихээр тохиолдож байгааг илтгэлд дурдсан байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах талаар бодлого, зохицуулалт бий болгох, нийтийн эрх ашгийн өмгөөллийг сайжруулах хэрэгцээ байна гэж ХЭҮК-ын дарга тэмдэглэв. Мөн байгаль хамгаалагчдын эрх зүйн байдал, ажлын байр, ажиллах нөхцөл тодорхойгүй, хамгаалалтгүй, аюул заналхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа тул тэдний ажлын байрны үнэлгээг хийж, эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулах нь зүйтэй гэлээ.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүс нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байдгаас дахин гэмт хэрэг үйлдэхэд түлхэж байгааг энэ удаагийн илтгэлд мөн нэгэн бүлгээр өгүүлжээ. Тэдгээр хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаасаа хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн гэсэн статистик байна. Хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсвэл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй байгаа нь хорих ялын нөлөөг сулруулж, хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг комисс хийсэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт бий болгох зэрэг ажил хийгдэж байгаа ч энэ нь боловсрол эзэмшсэн, санхүүгийн чадвартай цөөн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг болж, бусдад нь өгөөж багатай байгаа юм. Иймд тус комисс тэдний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг судлан дүгнэж, энэ удаагийн илтгэлд оруулсан байна.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр илтгэлийн агуулгыг товчоор танилцуулаад, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандагчир, манай улсад эмийн чанар, үнэ, хяналт, бүртгэлийн тогтолцоо алдагдсан нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй салшгүй холбоотой талаар ярьж, комиссоос хяналт шалгалт хийсэн эсэх, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа талаар асуулт асууж хариулт авсан гэсэн юм. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг байгууллага, албан тушаал, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байнгын хорооны гишүүд зөвлөж, илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг олонх нь дэмжжээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидийн илтгэл болон Хууль зүйн байнгын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ч.Ундрам, Д.Ганбат, С.Одонтуяа, Ц.Идэрбат, Э.Батшугар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, хүний эрхийн хамгаалах асуудал бол бүх нийтийн үйл хэрэг болохыг онцолж, олон улсад хэрэглэгдэж байгаа шүүхийн болон шүүхийн бус арга механизмын талаар тайлбарлан, ялангуяа шүүхийн бус арга механизмыг ашиглах талаар эрчимтэй ажилла шаардлага байгааг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт мөн ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг байгууллага, албан тушаал, хуулийн этгээд заавал биелүүлэх асуудлыг хөндөж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжууд, бодлого шийдвэрийг хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хүний төлөв, байдлыг илэрхийлсэн эрх зүйн нэр томъёо өөрөө эргээд тухайн хүний эрхийг хязгаарлах сөрөг нөлөө үзүүлж буйг анхааруулаад, шинээр баталсан хууль, тогтоомжийг Засгийн газар хэрэгжүүлэх шатандаа ялгаварлал, жендерийн тэгш бус байдал гаргаж байгааг дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд дурдсан дүгнэлт, зөвлөмжүүдэд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалаад, хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судалж, илтгэлд тусгай бүлэг болгож оруулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг ямар хэмжээнд хийж байгаа талаар асууж, сургалтын байгуулллага, тэр дундаа биеийн тамир, спортын сургуулиудын сургалтын орчны эрүүл ахуйн стандартыг хангуулах талаар хяналт шалгалт хийж, тодорхой ажил явуулах, мөн хүний эрхийн зөрчил гаргаж байгаа эрх бүхий хүмүүс, эцэг, эх, гэр бүлийн хүмүүст бодитойгоор хариуцлага тооцож ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нийслэлд хэрэглэж байгаа сайжруулсан түлшнээс ялгарч байгаа утааны найрлага дахь, мөн уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж, хаяглыг нь булж устгадаг хүхрийн хүчлий талаар судалж, дүгнэлт гаргах шаардлагатай талаар ярьж, орон нутийн анхан шатны байгууллагуудад гардаг улс төрийн ялгаварлалын талаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж байх нь зүйтэй гэсэн юм.

Хүний эрх зөрчигдөх явдал маш их байгаа нь бидний ажлын дүн юм хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам дүгнээд, агаар, орчны бохирдол, дотоод орчны агаарын бохирдлын хор хөнөөл ноцтой түвшинд хүрч байгааг онцлон, барилга, барилгын материалын стандарт, хүүхдийн хувцас, тоглоом наадгай, хуванцар савны химийн найрлагыг судалж, иргэдийн эрүүл ахуйн асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хангах талаар анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг ярив. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, жил бүр хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцдэг боловч үр дүнгүй байгааг анхааруулж, дүр эсгэсэн ийм ажил хийж байснаас огт хийхгүй байсан нь дээр гэсэн юм. Хүний эрх зөрчигдөж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох явдал өдөр бүр гарч байхад ХЭҮК тэр бүхнийг судлахгүй байна хэмээн тэрбээр шүүмжлээд, энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл судлаачийн дүгнэлт шиг ерөнхий зүйл болсон байгааг хэлж, хүний эрхийн төлөө тодорхой тэмцэл өрнүүлсэн эсэх, тулгарсан бэрхшээл юу байгаа, төрийн ямар өндөр албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар юу ч байхгүй байгаа нь учир дутагдалтай гэлээ. Тэрбээр, олон улсын хэмжээнд иргэний болон улс төрийн эрх, амьд явах эрх, шударга шүүхээр шүүлгэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх зэрэг асуудлуудад илүүтэй анхаарал хандуулж байгааг дурдаж, манай улсын индекс жил ирэх тутам буурч байгаа эдгээр асуудлаар илтгэлд нэг ч үг, өгүүлбэр оруулаагүйг шүүмжиллээ. Тулгамдаж байгаа асуудлаар хууль батлуулах, шүгэл үлээх бодитой ажлыг ХЭҮК огт хийхгүй байна гэж тэрбээр анхааруулаад, монгол хүний амьдрах орчныг бохирдуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа эрх бүхий этгээдүүдэд ямар хариуцлага тооцох ёстойг судалж шийдвэрлэх шаардлагатайг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат цахим орчны “эрүүдэн шүүлт”-ийн талаар онцолж, хууль, хүчний байгууллагад эрүүдэн шүүхэд зориулсан өрөө тасалгаа, тоног төхөөрөмж байдаг гэх асуудалд анхаарал хандуулж, судалж илрүүлэхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар иргэний байгууллагад хяналтыг сайжруулах нэрийн дор зохимжтой бус байршилд камерь байршуулах, мөн хувь хүний эмзэг мэдээллийг авах, түүгээрээ айлган сүрдүүлэх, заналхийлэх явдал гарах болсныг анхааруулсан юм.

Монгол Улс 2021 онд Азид анх удаа хүний эрхийн төлөө зүтгэгчдийг хамгаалах хууль батлан гаргасан бөгөөд хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгайлан оруулсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг сайшаагаад, цаашид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ХЭҮК идэвх, санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглээд, гэрч, хохирогчийг хамгаалах механизм учир дутагдалтай байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд шүүмжлэлтэй хандаж байгаа нь ХЭҮК-ын үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбоотой эсэхийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тодруулан асууж, тус комиссын болон хүний эрх, хамгааллын асуудлыг эрхэлсэн байгууллагуудын эрх зүйн чадамжийг сайжруулах шаардлага байгааг дурдав. Улсын Их Хурлын гишүүдийн санал, зөвлөмжүүдтэй санал нэг байгаагаа ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон тус комиссын гишүүд илэрхийлж, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдсөн асуудлуудаар дараа дараагийн илтгэлд тусгаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонссоны дараа тус илтгэл болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ХЭҮК-ын гишүүний үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хүүхдийн цэцэрлэгийн сангийн талаар болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг гэрч хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох асуудал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар тус тус асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан тул хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй байгаа болон хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа асран хамгаалагч, эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагын тухай заалтыг тогтоолын төслөөс хасах, мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж нь ХЭҮК-ын дэргэд байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэн, энэ талаарх механизмыг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай заалтыг хасах санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй байна. Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлж, цэргийн албан хаагчдад дүрмийн бус шаардлага тавих явдал их байгааг харгалзан тогтоолын төсөлд Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги, нэгтгэл дэх энэ асуудлын талаар арга хэмжээ авахаар заах, мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг хараат бусаар хийх шаардлагатай тул холбогдох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлээгүй тул эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Хуулийн төслийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авах эрхийн бичиг олгох насыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу 16-18 нас байх, оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэн үр шимийг нь уран бүтээлчдэд хүртээхийн тулд соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах, бүртгэх, хянах систем бүхий дэд бүтэц нэвтрүүлэх тухай заалтуудыг холбогдох хуультай нийцүүлж боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх асуудлуудыг тодорхой тусгах тухай саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 48 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн лавлагаа, дүгнэлт гаргуулах, мөн Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэх шаардлагатай тул ирэх пүрэв гарагт санал хураалт явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл