Цэс

Холбоо барих

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.  

Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах боллоо.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулж үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэгт дээрх тогтоолоор даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл