НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд (2024.04.25) үргэлжилж байна.
Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын зорилтууд, түүний 23 шалгуур үзүүлэлтийг “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах” сэдвийн хүрээнд өрнөж, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээр үргэлжиллээ.
Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матильда Димовска чиглүүлж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Коулин, БНСУ-ын Йонсей их сургуулийн Олон улс судлалын Төгсөлтийн ангийн Тогтвортой хөгжлийн профессор Тэ Ён Жун, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар панелистаар ажиллав.
“Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээрх үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн “Энх тайван, шударга ёсыг цогцлоох” 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулах тэргүүн туршлагыг хуваалцах боломж олдож байгаад баяртай байгаагаа үндсэн илтгэгч тэмдэглээд “Энх тайван, хүртээмжтэй, шударга нийгмийг улс орнууд бий болгож, бэхжүүлэх нь Тогтвортой хөгжлийн зорилгын нэг. Тогтвортой хөгжлийн зорилгод тэмдэглэснээр энх тайван нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нөхцөл бөгөөд эс бол нийгэмд зөрчилдөөн, хүчирхийлэл, тогтворгүй байдал үүсдэг. Улмаар хөгжил дэвшлийг сааруулж, хүний амь нас, хөрөнгө, мөнгөний алдагдал болдог. Тийм ч учраас зорилгын хэрэгжилтийг хангахад хамтын хүчин чармайлт чухал. Хамтын үүрэг хариуцлага, зохицуулалтгүйгээр энх тайван, шударга ёс оршин тогтнох боломжгүй. Үүнтэй холбогдуулан энх тайвныг тогтоох, мөргөлдөөнийг шийдвэрлэх, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, сайн засаглал, ардчиллыг бэхжүүлэхэд Засгийн газар, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд хамтран ажилладаг” гэв.
Засгийн газар, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэм, анхан шатны байгууллагуудын хамтын ажиллагааны шилдэг, амжилттай туршлагыг солилцох замаар хэрэгжилтийг хангах механизм бий болгож, сурталчлах ёстой гэдгийг илтгэгч тэмдэглэлээ. Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэм, анхан шатны байгууллагууд хамтран “Оролцогч талуудын зөвлөлдөх механизм” гэдэг сайн туршлагыг бий болгосон талаар дурдсан. Энэ механизмаараа дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талуудын оролцоог хангаж, уялдаа холбоог бэхжүүлэн, харилцан нэгнээ дэмжин ажил хэргээ үр дүнтэй өрнүүлдэг нь шинэлэг шийдэл болсон байна. Үүнтэй төстэй туршлага, механизмыг бүрдүүлэх нь 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулахад маш чухал хэмээн үзэж, энэ хүрээнд хандивлагч орнууд болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцооны талаар илтгэлдээ багтаажээ.
Нэн тэргүүнд 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулахад олон улсын хандивлагч байгууллагууд улс орны сайн туршлагыг судлан эрх зүйн орчин бүрдүүлж, бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх нь чухал гэлээ. Хүний эрхийг хамгаалах, хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах нь энэхүү зорилгыг хэрэгжүүлэх суурь гэж харж байгаагаа Л.Энх-Амгалан сайд илтгэлдээ дурдав. Иймд энэ хүрээнд сайн хууль тогтоомж, оновчтой бодлогыг үндэсний онцлогтоо нийцүүлэн боловсруулан хэрэгжүүлэхэд нь олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлэх тохиолдолд сайн үр дүн гарч байгааг хэлэв. Түүнчлэн бүс нутгийн байгууллагууд үүнд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, үүний нэгэн адил олон улсын болон бүс нутгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал хэмээн харж байгаагаа хэлсэн.
Удаад нь, иргэний нийгмийн байгууллагуудын хамтаар зорьж буй зорилгын хэрэгжилтээ өргөжүүлэн эрчимжүүлэх нь үр дүнтэйг хэлсэн. Түүнчлэн хүйсийн, орлогын тэгш бус байдлыг арилгах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон бусад хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх нь ихээхэн чухал түшиц болно гэлээ. Тухайлбал, боловсролын салбар дахь хүүхэд залуучууд, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн үндсэн эрхийн хэрэгжилтэд иргэний нйимгийн байгууллагууд хяналт тавьж, нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор оролцоотой байж, эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх бололцоо нээлттэй байдаг. 2023 оны 7 дугаар сард боловсролын багц хуулийг баталсан, үүнд боловсролын салбарын засаглалд иргэний нийгмийн оролцоо, хариуцлагын механизмыг багтааснаа хэллээ. Энэ хүрээнд иргэд олон нийт эрх ашгаа хангах, хамгаалах агуулгаар шийдвэр гаргагчдад нөлөөлж, илүү хүртээмжтэй бодлого, хүчирхэг институцуудыг бий болгохын тулд үзэл бодлоо илэрхийлдэг платформыг бий болгоно гэв.
Гуравдугаарт, түншлэл болон хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар ил тод байлгах нь чухал байгааг хэллээ. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахдаа 4 үндсэн хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй гэв. Нэн тэргүүнд хүрэх гэж зорилго, зорилтоо тодорхой болгож, хоёрдугаарт ёс суртахууны үүрэг, эв нэгдлийн мэдрэмж, нийгмийн хэм хэмжээ зэргийг уялдуулах, гуравдугаарт оролцогчдын бодлогын уялдааг хангах, дөрөвдүгээрт хяналт, шинжилгээг үр дүнтэй хийх хэрэгтэйг дурдсан.
Олон улсын болон бүс нутгийн байгууллагууд Тогтвортой хөгжлийн “Энх тайван, шударга ёсыг цогцлоох” 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулахад зохицуулах, хянах, дэмжих, тухайн улс орны иргэдэд ойлгомжтой хэлбэрээр томьёолон боловсруулж, тодорхойлон, хүргэх зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэйг мөн илтгэлд дурдсан. Түүнчлэн бүс нутгийн болон улс орны иргэдэд ойлгомжтой хэлбэрээр томьёолж, хэрэгжилтийг хангахаар нэгдэх хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжихийн чухлыг тайлбарлаж хэлсэн. Улс орны хэмжээнд зорилго, бодлогоо тодорхойлон ажиллахад олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын техникийн болон санхүүгийн дэмжлэг нэн хэрэгцээтэй. Үүн дээр ямар хэлбэрээр хэрхэн дэмжлэг үзүүлэхээ тодорхойлох нь зүйтэйг мөн илтгэгч дурдав. Төгсгөлд нь “Энх тайван, шударга ёсыг цогцлоох” Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулахад хамтын оролцоо, үүрэг, амлалт нэн чухал гэдгийг тэмдэглэсэн.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгч хатагтай Матильда Димовска Тогтвортой хөгжлийн “Энх тайван, шударга ёсыг цогцлоох” 16 дугаар зорилго нь чухал хэдий ч хэрэгжилт нь нийтийн хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүрэхгүй байгааг тэмдэглэж байлаа. “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хугацаа дуусахад ердөө 7 жил үлдээд байгаа тул дүгнэлт хийхээс гадна хэрэгжилтийг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, бүх талууд анхаарал хандуулан хамтрахын чухлыг онцолсон. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүсийн хүний хөгжлийн тайланг гаргасан бөгөөд нийтлэгдээ тэгш бус байдал, шударга бус байдал, зөрчилдөөн байсаар байгааг дүгнэсэн. Тэгэхээр хүний хөгжлийг дэмжсэн стратеги баримтлах байдлаар шинэчилж, өөрчлөх саналыг хэлж байв. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч панелистуудад хандан Тогтвортой хөгжлийн, хүн нэг бүрд хамааралтай “Энх тайван, шударга ёсыг цогцлоох” 16 дугаар зорилгын хэрэгжилтийг ахиулахад талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх боломж, арга замын талаар хөндөв.
Панелист, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Коулин тус олон улсын байгууллагаас дээрх зорилгын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтуудын талаар, мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, үр дүнг ахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар саналаа хэлсэн юм.
Панелист, БНСУ-ын Йонсей их сургуулийн Олон улс судлалын Төгсөлтийн ангийн Тогтвортой хөгжлийн профессор Тэ Ён Жун улс орон бүр дээрх зорилгын хүрээнд өөрсдийн зорилтоо оновчтой эрэмбэлэн, тодорхойлохын чухлыг хэлж, энэ тохиолдолд олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын дэмжлэгийг авахад илүү үр дүнтэй байх талаар санал хэлссэн. 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлал нэн чухал хүчин зүйл бөгөөд Монгол Улс “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний хүрээнд “ТХЗ: 16 Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцооны талаар хэлэлцэж байгаа нь манлайлал хэмээн тэмдэглэв. Удаах чухал хүчин зүйл нь соёлын асуудал бөгөөд орхигдуулж үл тоомсорлож болохгүй гэдгийг тайлбарласан. Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго нь энх тайван, шударга ёс, эрх тэгш, ил тод байдлын асуудлуудыг томьёолсон нь цаагуураа хүмүүс хоорондын харилцааны асуудал гэдгийг онцгой анхаарах ёстойг хэлж байв. Гуравдугаарт, сайн болон алдаатай туршлагуудаа хуваалцан, үр дүнг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал хүчин зүйл гэдийг тэрбээр хэлсэн. Цахимжилт нь ерөнхийдөө Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд эерэг үр нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буйгаа профессор Тэ Ён Жун хэлээд, энэ талаараа дэлгэрэнгүй тайлбар хийсэн.
Панелист, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер 2015 онд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталж байх үед Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн байснаа дурдаад Монгол Улс “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-нд хоёр дахь удаагаа оролцож байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал тохиосныг тооцож, үүний улмаас зарим ахиц дэвшлүүд ухарсан болохыг хэлж байв. “Оюу толгой” компани ч олон зүйлийг хэрэгжүүлсэн, одоо эргэж нэг дүгнэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Улс орнуудын хэрэгжүүлж буй уул уурхайн салбарын төслүүдээс үүдэн зөрчил үүсэх магадлал 40 хувьтай байдаг гэх судалгааны талаар тэрбээр дурдаад “Эдийн засгийн гол хөдөлгүүр хэдий ч эргээд орон нутаг, бүс нутагтаа ийм сөрөг нөлөө үзүүлж болохгүй. Эерэг нөлөө үзүүлж болох талыг нь хармаар байгаа юм” гэлээ. Үргэлжлүүлэн энэ хүрээнд чухалчлан үзэж буй хүчин зүйл, тодорхой баримт жишээнүүдийг дэлгэрэнгүй хуваалцсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хатагтай Матильда Димовска шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах талаар хөндөж, тэр дундаа төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох, манлайлал үзүүлэхийн чухлыг тэмдэглэсэн. Энэ чиглэлээр Монгол Улс багагүй ахиц дэвшилтэй хууль тогтоомжийг баталсныг дурдаад ирэх жилүүдэд хүйсийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр хурдан ахиц дэвшил гаргахын тулд Монгол Улс, түүний Засгийн газарт ямар дэмжлэг хэрэгтэйг панелистууд болон үндсэн илтгэгчээс асууж, хэлэлцүүлсэн.
“Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн төгсгөлд Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг ахиулахад нийгмийн бүх оролцогч талууд ямар нэгэн байдлаар хамтарч, түншилж ажиллах хэрэгтэйг тэмдэглэж байв.
Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” үргэлжилж байна. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.