Цэс

Холбоо барих

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоосэдвийн хүрээнд Төрийн ордонд (2023.04.25) амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чуулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид үндсэн болон салбар нийт 9 чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага ололтоо хуваалцлаа гээд 2030 он гэхэд бид бүхэн Тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих явдал нэн чухал болохыг үндсэн хэлэлцүүлэг болгонд хөндсөнийг онцлов. Хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс, үндэстнүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойг хүртэлх бүс нутгийг хамрах Алтайн язгуур соёлын талаар энх тайванч, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний түвшинд хэрхэн хамтран ажиллахаа нээлттэй ярилцаж тодорхойлсон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Тэрбээр, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй олон ээдрээт асуудлууд давхацсан ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоог бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур болохыг тэмдэглэн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцсон нийт зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. Мөн чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Оюу Толгой” ХХК-д гүн талархал илэрхийллээ.


Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин, бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай тогтолцоонд шилжихэд бүс нутгийн хэмжээнд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” маш чухал ач холбогдолтой юм гээд тогтвортой байдлын зорилгыг хэрэгжүүлэх үйл явцад тухайн орны улс төр, нийгэм эдийн засгийн хүчин чармайлт, тэр дундаа иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж байж ахиц дэвшил гаргах болно гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, Стэнфордын их сургуулиас ирэх намар Номхон далай дамнасан тогтвортой байдлыг яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдан, энэхүү уулзалтад илүү их ажил хэрэгч, бодит үр дүн гаргах боломжийн талаар гүнзгийрүүлэн ярилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Бүгд Найрамдах Солонгос Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд асан, Чежүгийн энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүний нэрэмжит "Сайхан ирээдүйн төлөө" сангийн зөвлөх Ким Бонг Хён “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн чуулга уулзалтад, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүс нутгийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго болон Алтай судлалын талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцлээ. Эдийн засгийг бэхжүүлж, илүү сайн сайхан ирээдүйг бий болгоход шударга ёс, хүчирхэг тогтолцоог бий болгохгүйгээр хүрэх боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг “Шударга ёс, энх тайван, тогтуурьтай тогтолцоо” сэдвээр зохион байгуулсан нь олон улсад шударга ёс, энх тайван байдлыг бэхжүүлэх хүрээнд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо хэмээн дүгнэв.


Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Истанбул 29 Маис Их Сургуулийн профессор Илхан Шахин, дэлхий дахинаа улс төрийн нөхцөл байдал тийм ч тайван бус байгаа үед Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан хамтран энх тайван, шударга ёс сэдвээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж буй нь цаг үеэ олсон үйл явдал боллоо хэмээн онцлов. Түүнчлэн нийтлэг түүх, соёл, уламжлалтай ард түмнийг холбосон Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл,соёл,археологийн судалгааны талаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс нь газар зүйн байрлалынхаа хувьд Алтайн бүс нутгийн соёл иргэншил, түүхийн зангилаанд оршдог билээ гээд Алтай судлалын талаар ойрын үед олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаа илэрхийлсэн юм.


Чуулга уулзалт НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь хэмээх 16 дугаар зорилгын хүрээнд Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох, Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт, Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд Олон улсын Алтай язгуурын хэлнүүдийн судалгаа, Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага, Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв, Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал, Орчин үеийн Алтайн түүх судлал, цаашдын чиг хандлага сэдвээр Монгол, АНУ, Япон, Турк, Азербайжан, Солонгос, Узбекистан, Киргиз, Унгар, Герман улсын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүн, шинэ чиг хандлагын талаар хэлэлцлээ.


Ийнхүү төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэсэн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл