Цэс

Холбоо барих

Сэдэв 6: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт нь Алтайн соёл, археологийн судалгааг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө


Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгийн 6 дахь сэдэв нь “Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага” байлаа. Хуралдааны чиглүүлэгчээр Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгчШУ-ны доктор Ц.Цэрэндорж, панелистаар БНТУ-ын Анкарагийн их сургууль, Хэл, түүх, газар зүйн факультет, Түүхийн тэнхимийн профессор, доктор Саадэттин Еагмур ГөмэчШинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал, профессор, доктор Юн Хён ВонОлон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Истанбул 29 Маис Их Сургууль, Утга зохиолын факультет, Түүхийн тэнхимийн профессор, доктор Илхан Шахин нар оролцож, илтгэлээ танилцууллаа.


Монгол Улсын хувьд археологийн судалгаа сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, олон улстай хамтын ажиллагаа өргөжин тэлж, судалгааны байгууллагуудын хамтарсны хүчинд ихээхэн үр дүнд хүрч, онол, арга зүйгээс харилцан суралцаж, цаг хугацааны хувьд нэлээд түүхийн дурсгалыг олж илрүүлэхэд түлхэц өгсөн. Манай судлаачдын арга, туршлага нэмэгдэхийн хэрээр бүс нутгийн хэмжээнд цогцоор нь судлах, нэг сэдэвт ном, бүтээлүүдийг хэвлүүлэх болсон. Үүний тод жишээ нь япончуудтай хамтран бичсэн “Нүүдэлчид ба Төмөрлөг” ном юм. Төмөрлөг боловсруулалтын чиглэлээр 600 жилийн турш тогтвортой үргэлжилсэн төмөрлөгийн үйлдвэрлэлийн ул мөрийг монголяпон археологчид олж илрүүлжээ.

Одоогоос 10 гаруй мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн мөсөн голын даралт, үрэлтийн үр дүнд үүссэн хөндийн гялгар хаданд зурагдан үлдсэн 60 мянга гаруй хадны зургийн дурсгалыг газар зүйн мэдээллийн санд түшиглэн Монгол Улсын Их Сургуулийн археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбат доктороор ахлуулсан баг судалж,  цахимд байршуулан 3D хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрээс үзэж танилцах, түүхийн жимээр аялах боломжийг бүрдүүлсэн тухай доктор, дэд профессор Ю.Болдбаатар танилцууллаа. Монгол Алтайн хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд Монголоос соёлын салбарт бүртгэгдсэн хоёр дахь өвд тооцогддог. Энэхүү өвд Цагаан салаа, Бага Ойгор, Шивээт хайрхан, Арал толгой гэсэн гурван том дурсгалыг багтаадаг. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт  нийт 11300 га талбайг эзэлдэг. Дэлхий дээрх хамгийн том хадны зургийн дурсгал байж мэдэх дэлхийн өвийг бүрэн баримтжуулахад археологчид анхаарч ажиллажээ. Тэрбээр мөн археологийн судалгаа нь Монгол Улсад уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлсөн гэв. Эгийн голын цахилгааны станцыг барих талбайд гэхэд л Монголын археологийн таван байгууллага, бараг ихэнх археологичийг оролцуулсан судалгааг хийсэн нь томоохон, цогц судалгаанд тооцогдож байгаа ажээ. Монгол-Туркийн хамтарсан судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг нээж олсон. Цаашид нүүдэлчдийн түүхийн өв, соёл, түүхэн олдворуудыг хадгалж, хамгаалах асуудал нь чухалд тооцогдож байна. Битүүмжлэлтэй сав, байгууламжийг шийдвэрлэх явдал тулгамдаж буйг илтгэлдээ дурдлаа.  


Харин БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал, профессор, доктор Юн Хён Вон нь Монголын эзэн гүрний зэвсэгт гүрний байлдан дагуулалтын ул мөр, түүхэн олдворууд Солонгосын хойгийг бүчсэн, Чэжү арал хавиас олдсон тухай сонирхолтой баримт дэлгэв. Чиндо муж, далайн эрэг хавиас Монголын эзэнт гүрний баатруудын эдэлж хэрэглэж байсан эд, зүйлсийн олдворууд цөөнгүй олддог. Ялангуяа хамгаалан эсэргүүцэх байгууламжуудын ойр орчимд элбэг байдаг. Монгол цэргүүд Төв Азийн бүсэд довтолж асан газар нутгийн байршлыг 1274 он, 1281 оноор тоймлон үзүүлж, Хубилай хаан солонгосчуудтай хамтран дайтаж, далайн хар шуурганд өртсөн талаар судалснаа товч танилцуулав. БНСУ-ын хувьд усан доорх судалгаа, далайн археологи ихэд хөгжсөн гэдгийг онцлоод, далайд живсэн 3500 гаруй усан онгоцноос монгол зоос олдсон. Монгол цэрэг, дайчин эрсийн байлдан дагуулалт нь зам харгуйг нээснээрээ чухалд тооцогддог. Өчүүхэн олз омогт шунасан хэрэг биш гэж судлаачийн хувьд дүгнэдэг хэмээн ярилаа. Түүнчлэн далайд живсэн усан онгоцны үлдэгдлийг 40 жилийн турш БНХАУ-ынх гэж үзэж ирснийг 701 жилийн өмнө байлдаж явсан монголчуудынх байсан болохыг тогтоосон хэмээн гэрэл зургаар үзүүлж, хэлэлцүүлэгт оролцогчдод тайлбарласан юм.


Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор, доктор Илхан Шахины хувьд Алтай дамнасан чуулга уулзалтад хоёр дахь удаагаа зорин ирж оролцож байгаа илтгэгч юм. Энэхүү уулзалт нь хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс үндэстнүүдийн төлөөлөл нэг дор цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойгийн бүс нутгийг хамруулсан асуудлыг энх тайванч, шинжлэх ухаанчаар хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилт дэвшүүлж, тодорхойлон чуулж буйгаараа онцлог үйл явдал хэмээн дүгнэн онцолж байна. 

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл