Цэс

Холбоо барих

Сэдэв 7: “Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалтын хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв сэдвээр үргэлжиллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн эхний илтгэлийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Энхбат “Дундад Азийн улсууд болоод Монголчууд хоорондын түүхэн харилцаа холбоо” сэдвээр илтгэл танилцуулав.

Тэрбээр, Чингис хаан дайлаар мордон Балжун нуурт очиход цагаан тэмээ унасан Сартагтай худалдаачин Хасан Чингис хаантай уулзсан тухай Монголын нууц товчоонд өгүүлдэг. 1203 онд энэхүү үйл явдал болсон Балжун нуурыг манай судлаачид одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг гэж үздэг. Улаанбаатараас 1700 орчим км-ын зайтай энэ газарт 1203 онд Дундад Азиас ирсэн Хасан худалдаачин мянган хонь тууж ирээд ард иргэдээс булга, хэрмийн арьс худалдаж авчээ. Яг энэ үед Чингис хаан Хэрэйдийн Тоорил хаантай эв эвдрэлцээд Балжун нуурын эрэг дээр очсон. Улс төрийн хувьд шахагдсан байхад нь Хасан худалдаачин Чингис хаанд маш чухал дэмжлэг үзүүлсэн байгаа юм. Сартагтай буюу Сартуул гэсэн нэршилийг дундад зууны үеийн перс, монгол, турк хэлний толь бичгүүдэд монголчууд мусульман шашинтай хүмүүсийг ингэж нэрлэдэг гэж бичжээ. Харин Хасан гэж ямар худалдаачин гэдгийг түүхэн сурвалжуудаас хайж үзэхэд, 1220-иод оны үед Монголчууд Хорезмыг дайлаад, дайныг удирдаж явсан Зүчи өөрийн итгэлт худалдаачин болох Асаныг Синак хот руу элч болгож илгээсэн тухай мэдээ гарч ирдэг. Эрдэмтэд Асан нь Монголын нууц товчоонд гарч байгаа Хасан худалдаачин мөн гэж үзсэн. Бид ч үүнтэй санал нийлж байгаа. Харамсалтай нь Синак хотынхон элч болж очсон Хасаныг хороосон бөгөөд дараа нь Зүчи Синак хотыг эзэлж аваад Хасан худалдаачны хүүг бүс нутгийн захирагчаар томилоод явсан байдаг. Чингис хаан гадны эрдэмтэн мэргэдийг өөрийн хөвгүүдийн хүмүүжүүлэгч багш, зөвлөхөөр ажиллуулдаг байсан. Тэдний нэг нь Хасан худалдаачин байх. Өөрөөр хэлбэл 1203-1220 он хүртэл 17 жил Хасан монголчуудтай холбоотой, Зүчийн дэргэд байж онцгой гүйцэтгэсэн зөвлөх багш байсан гэж үзэж байгаа. Зүчийн удмаас Зүчийн хүү Бэрх мусульман шашинтай болсноо зарлаж, 13 дахь хүүгийнхээ нэрийг Мухамед хэмээн өгсөн талаар тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Хасан худалдаачин маш ойрхон, хүчтэй нөлөөлөгч байсан болов хэмээн бодож бид ийм таамаглалыг дэвшүүлж байгаа юм гэлээ. Тэрбээр цааш нь Чингис хаан Дундад Азийн олон орны худалдаачидтай найрсаг харилцаатай байсан талаар түүхэн сурвалжуудыг дурдан өгүүлсэн.

Дараа нь Киргиз-Турк “Манас” их сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн орлогч декан, доктор, дэд профессор Кайрат Бэлэк “13-р зууны Чингис хааны эрин үеийн Киргиз, Монголын харилцаа” сэдвээр илтгэл тавилаа.

840 онд Уйгарын хаант улсыг ялж Төв Азийн зүүн хэсэгт зонхилох үндэстэн болсон Юнисейн Киргизүүдийн соёлын үр нөлөө, Киргизийн улсууд задарсны дараа Алтайн киргиз хэмээх шинэ угсаатны нэгдэл бий болсон түүх, 13 дугаар зууны эхэн үед Чингис хаан өмнөд Сибирь болон Киргизийн ойн ард түмнийг байлдан дагуулсан талаар илтгэлдээ онцолж, эдгээр нь Киргизийн ард иргэдийн хувь тавиланг хэрхэн өөрчилсөн талаар түүхэн сурвалж дурдан өгүүлсэн юм.

Мөн хэлэлцүүлэгт Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн судлаач, Монгол судлаач Самэт Калёнчу Турк Монгол хоёр улсын харилцаа, түүнд монголын эзэлсэн байр суурь, ач холбогдлын талаар илтгэл танилцууллаа. Самэт Калёнчу, хоёр үндэстний түүх соёлын харилцааны түүх, түүнийг нотлох археологийн олдворуудын талаар, Монгол Туркийн харилцааны шинэ үе, хоёр улсын Засгийн газар хоорондын боловсрол, соёл, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын өндөр дээд хэмжээний айлчлалуудын талаар илтгэлдээ өгүүлсэн.  

Энэ удаагийн “Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар байлаа.

Тэрбээр “Төв Ази болон Монгол дахь ардчилсан шилжилтийн үеийн төлөв байдал” сэдвээр илтгэл танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар илтгэлдээ, Монгол Улсын 800 жилийн түүхэн дэх онцлог байдлаас эхлэн парламентын ардчиллын 30 жилийн түүх, буддимз болоод ардчилал, улстөрийн систем, намуудын хөгжил, ардчилсан шилжилтийн явцад болон тогтвортой өсөлтийг бий болгоход тулгарч буй бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн.

Төгсгөлд нь оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл