Цэс

Холбоо барих

Сэдэв 5: Алтайн язгуурын хэлнүүдийн судалгаа, чиг хандлагын талаар хөндөн хэлэлцэв

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт өнөөдөр /2024.04.25/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд “Олон Улсын Алтайн язгуурын хэлнүүдийн судалгаа” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.


Салбар хэлэлцүүлгийн эхний сэдэв буюу хэл шинжлэлийн чиг хандлагыг тодорхойлох уг салбар хуралдааны чиглүүлэгчээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй, үндсэн илтгэгчээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Л.Болд, панелистаар ХБНГУ-ын Боннын их сургуулийн Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их Сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан, профессор, доктор Шабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак үндэсний их сургууль, Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Султанбек Кутлугжон, Олон Улсын Монгол Судлалын холбооны ерөнхийлөгч, профессор, доктор Юки Конагаяа нар ажиллаж, мэдээлэл өгөв.


Алтайн хэлнүүдийн судалгааг ярихын тулд Енисэйн бичгийн дурсгалыг сөхөх учиртай. Монгол нутгаас олдсон томоохон олдвор нь Орхоны хөндийгөөс олдсон дурсгал учраас Л.Болд академичийн хувьд Орхон бичгийн дурсгалуудад суурилж судлах шаардлагатайг чухалчилж буйгаа илтгэлээ. Тэрбээр, цаашид зөвхөн түүхэн харьцуулсан судалгааны аргаар бус, хэл шинжлэлийн бусад аргыг хослуулж, хэл зүй, үгийн сангийн судалгааг эрчимтэй явуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал, тэмдэг нэрийн судалгааг Монгол, Турк, Саяаны хэл холбогдож ирсэн талаарх дүнг танилцуулан илтгэв. Монголын газар нутаг дахь 64 байршлаас 130 дурсгал олдсон. Алтайн бүлэгт хамаарах хэлнүүдээс монгол, түрэг хэлийг харьцуулж үзэхэд үгийн сангийн 25 хувь нь, хэл зүйн 50 шахам хувь нь нийтлэг гэсэн судалгааны дүн гарчээ. Алтайн хэлнүүдийн нийтлэг байдлыг тогтоохдоо монгол, турк хэлний бүтэц, хэл зүйд тулгуурлах аргачлалыг ашиглаж болох юм гэсэн санааг дэвшүүлээд, түүхэн харьцуулан судлах бусад аргатай хавсарвал илүү оновчтой хэмээн тодотгов.


Салбар хэлэлцүүлэгт Боннын их сургуулийн Алтай судлаач Аттила Матеффи монгол, унгар хэлний харьцуулсан судалгааны талаар сонирхолтой илтгэл тавьсан бол Туркээс чуулга уулзалтад хоёр удаагаа ирж оролцож байгаа Измир Катип Челеби их сургуулийн ХНУФ-ийн декан, профессор, доктор Шабан Доган Алтай дамнасан улс орнууд дундын хэл зохиох боломжтой гэсэн саналыг дэвшүүллээ. Хэрвээ Алтайн хэлнүүдээс авч дундын хэл зохиовол аль ч улсын хүүхэд, залуус суралцах боломжтой байх болно гэв.


Хэл шинжлэлийн шинжлэх ухаанд Алтайн язгуурын хэл хэмээх онолын ойлголт байдаг боловч тухайн хэлэнд ямар улс орны хэлийг багтаах асуудал нь 60-70 жилийн турш маргаантай хэвээр явж ирсэн тул орчин цагийн, шинэ судлаачдын дунд хэлэлцүүлж, шийдвэрлэх цаг нь болсон хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. 

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл