Цэс

Холбоо барих

Сэдэв 8: "Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал” сэдвээр үргэлжиллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай байдал” чуулга уулзалтын “Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал” сэдэвт салбар хэлэлцүүлэг Төрийн ордны “Их засаг” танхимд (2023.04.25) боллоо.

Уг хэлэлцүүлгийг Олон Улсын Турк академийн ерөнхийлөгч, профессор Шахин Мустафаев чиглүүлэв.


Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Сургуулийн багш, профессор Ц.Төрбат ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад “Уулын өндөр Алтай” өвийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн түүхэн дурсгалт олдворуудын талаар хэлэлцүүлэгт оролцогсдод мэдээлэл өгөв. Тэрбээр, Алтайн нуруу нь газар зүй, байгалийн өвөрмөц тогтоцийн хувьд улс гүрэн, хүн ардыг тусгаарлаж байсан бус харин угсаатан, үндэстэн, овог, аймгуудыг өдийг хүртэл холбож ирсэн газар нутаг байсаар ирснийг онцолсон юм. Алтайн нуруунаас олдсон түүхэн дурсгал, эд өлгийн зүйлсээс дүгнэн үзвэл Алтай нь соёл иргэншлийн төв байсан гэж үзэж болно гэлээ. Археологчдын хувьд олон экспедиц,судлаачид ажиллаж, суурь судалгаанууд хийгдэж ирснийг тэрбээр дурдаад “Уулын өндөр Алтай” номинацид Дундад зууны үеийн Түрэгийн үед хамаарах дурсгалууд болох Хар Ямаатын хүн чулуу, Цагаан Салаа-Бага Ойгорын хадны сүг зураг, Шивээт Хайрханы хадны зураг, Арал толгойн хадны зураг, Далан Түргэний Хос толгойн хадны зураг, Олон Гүүрийн голын булш, Цагаан асганы дурсгал, Сыргаль Бага Түргэний голын дурсгал, Хулбайн арал- Даян нуурын хүн чулуут цогцолбор гэсэн 10 дурсгалыг оруулсан талаар баримт судалгаанд тулгуурлан танилцууллаа.

Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал” салбар хэлэлцүүлэг панел хэлэлцүүлгээр үргэлжлэв. “Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал” салбар хэлэлцүүлэгт Анкарагийн Хажи Баярам Вели их сургуулийн Ази судлалын төвийн захирал профессор Варис Чакан, Казахстан Улсын  Евразийн Үндэсний Их сургуулийн Түүхийн факультетийн декан профессор Бекмаганбетов Омирбай Жолдыбекович,  Измир Катип Челеби их сургуулийн олон улсын төсөл, Эразмус зохицуулагч доктор Мехмет Эмин Бакай,  Ниппон Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч Шиничи Кубота нар панелистаар ажиллаж, тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.


Анкарагийн Хажи Баярам Вели их сургуулийн Ази судлалын төвийн захирал профессор Варис Чакан “Түүхэн дэх Турк-Монголын харилцааны талаарх дүн шинжилгээ, нийтлэг уламжлалт соёл” илтгэлдээ, Түрэгүүд нь Төв болон хойд Азид буюу орчин үеийн Монгол Улсыг хамрах газар нутагт амьдарч, төр улс байгуулж ирсэн. Түрэг болон Монгол овог аймгууд хамтран өнөөгийн Монголын газар нутгаас Унгар хүртэлх Евразийн нутгийг хамарсан “Их талын соёл”-ыг бий болгосон юм. Улмаар энэхүү соёлыг бий болгосон Түрэг, Монголчуудын шашин, нийгэм, эдийн засгийн салбарт тодорхой нийтлэг шинж илэрч, газар зүй болон соёлын хувьд бие биетэйгээ төстэй томоохон төр улсуудыг байгуулж ирсэн.  Хүннү, Хөх Түрэг, Уйгур гэгддэг Исламын өмнөх Турк улсын эрин үед эдгээр нийтлэг соёл, үнэт зүйлсийн үндэс суурь бүрдсэн хэмээн онцолсон юм. Энэ нь одоогийн Монголын нутаг дэвсгэрээс олддог түүх, археологийн дурсгал, бөөгийн шүтлэгийн зан үйл, хэл соёл, зан үйл, аж ахуй эрхлэх зан заншлаас тодорхой харагддаг гэдгийг дурдан урт удаан түүхийн явцад зарим монгол аймгууд түрэгжиж, түрэг овог аймгууд монголжсон юм гэлээ. Түрэг, Монголчууд түүхэн орон зай, газар зүйн хувьд багагүй хугацаанд зэрэгцэн оршиж байсан, улмаар хэлний нэг овогт харьяалагддаг, эртний Түрэгийн соёлын үнэт зүйлсийн нэг хэсэг нь өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт байдаг зэргийн улмаас Турк, Монголын судлаачдыг түрэг судлалын чиглэлээр ойр ойрхон уулзуулж ирлээ хэмээн ярьсан зүйлсээ тоймлон дүгнэв. Турк Улсад Монголын түүх, ялангуяа Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрин үеийг ихээхэн сонирхож буйн улмаас Монголын түүхийн талаар томоохон судалгаа хийгдэж буйг онцлон тэмдэглэсэн юм.


Казахстан Улсын  Евразийн Үндэсний Их сургуулийн Түүхийн факультетийн декан профессор Бекмаганбетов Омирбай Жолдыбекович Казахстан дахь Түрэг судлалын талаар мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар Казахстан Улсад өнөөг хүртэл ил болоогүй түүхэн эх сурвалж, гадаадад архивт хадгалагдаж буй баримтанд тулгуурлан түүхийн шинэ бүтээл гаргахаар ажиллаж буй аж. Ингэхдээ 1464 оноос хойших казахийн төр улс хэрхэн бүрэлдсэн талаарх судалгааг бүхий л талаас нь судалж, сурвалжилж байна гэлээ.

Тус их сургуулиас Зүчи хааны 800 жилийн ойд зориулан Казахстан Улсын Караганд мужийн Улитаус дүүрэгт оршдог Зүчи хааны бунхан болон музейд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгөн тус хуралд өргөнөөр оролцохыг урьсан юм. Казахстан Улс нь Зүчи хааны талаар өргөн хүрээнд судалж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Иймд Монгол, Турк, Киргиз мэргэжил нэгтнүүдтэйгээ ойрын ирээдүйд хамтран ажиллана гэж найдаж буйгаа илэрхийллээ.


Измир Катип Челеби их сургуулийн олон улсын төсөл, Эразмус зохицуулагч доктор Мехмет Эмин Бакай Эразмус (Erasmus+) хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр, тус хөтөлбөрийг Европын холбооноос санхүүжүүлдэг бөгөөд зорилго нь боловсролоор дамжуулан Европ болон бусад орны мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжиж улмаар тогтвортой өсөлт, чанартай ажлын байр, нийгмийн эв нэгдэлд хувь нэмэр оруулах, инновацийг дэмжих явдал юм гэлээ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн Европын холбооны улс орнууд төдийгүй бусад улс орон, тухайлбал, Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс орнуудад хамтарч ажиллах боломж олгодог гэдгийг тодотголоо.Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд болох, чанартай боловсролыг дэмжих, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилготой нийцдэг бөгөөд судалгаа шинжилгээ, боловсрол, хамтын ажиллагааг нэгтгэснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, илүү тогтвортой  ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг аж. Доктор Мехмет Эмин Бакай, энэхүү хөтөлбөр нь боловсролын чанарыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, хамтарсан шийдэл гаргах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тул Алтай судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хэрхэн хамрагдах боломжийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.


Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт Ниппон Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч Шиничи Кубота Монголын түүх,  эдийн засгийн талаарх илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр, монголын түүхийн талаар Хятадын түүхэн сурвалжид ихээхэн дурддаг гээд БНХАУ-ын ӨМӨЗО-нд судлаачаар ажиллаж байх явцдаа “Сүм хийдийн цадиг намтар” хэмээх баримтыг архивын сан хөмрөгөөс нь олж, танилцаж байснаа онцолсон юм. Иймд түүхэн эх сурвалжуудыг бусад хөрш орнуудаасаа эх хувиар нь олж, судалж, түүхээ баяжуулах нь зүйтэй юм гэлээ. Шиничи Кубота, Монгол Улс нь түүхийн урт удаан хугацааны явцад өөрийн гэсэн онцлог бүхий төр улс, нийгмийг бий болгосон бөгөөд ялангуяа ХХ зууны сүүл үеэс ардчилал зах зээлд шилжснээс хойш сорилт, бэрхшээл туулж өнөөдрийг хүрлээ. Иймд судлаачийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн гол бүрдүүлэгч болох уул уурхайн ашигт малтмалыг түүхийгээр нь шууд экспортлох бус нэмүү өртөг бүтээн боловсруулах нь эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой гэж үздгээ илэрхийлсэн юм.


Хэлэлцүүлгийг дүгнэж Олон Улсын Турк академийн ерөнхийлөгч, профессор Шахин Мустафаев, энэ удаагийн хэлэлцүүлгээр илтгэгчид Төв Азийн улс орон, үндэстэн угсаатан болон Монгол Улс хоорондын харилцааг олон өнцгөөс харуулсан баялаг агуулгатай илтгэлүүд танилцууллаа. Бидний хооронд түүхийн болон соёлын нийтлэг тал бий. Хүннү гүрнээс авхуулаад Түрэгийн хаант улс, Чингис хаан хүртэл олон төрт улсыг Монголын газар нутагт хамтарч бий болгож байсан нь түүхийн хувьд нэгдмэл гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Угсаатны хувьд өөр өөр овог аймгууд боловч монголын газар нутгаас гаралтай ижил нэр, нэршлийг бид тээж явдаг. Иймд эрдэмтэн судлаачид бид цаашид түүх, соёлын нийтлэг өвд тулгуурлан хамтарсан түүхийг амархан бүтээж чадна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл