Цэс

Холбоо барих

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа. 


Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. 



Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл