Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2024.04.19) хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.
Улсын Их Хурал дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 04 сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар чиглэл өгсний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн 13 дахь хэсгийг Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй багагүй хувиар хүүд тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах агуулгаар өөрчлөн найруулах саналыг бэлтгэжээ. Мөн төслийн 16.12.6 дахь хэсгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уур уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгөөр оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангах агуулгаар өөрчилөн найруулж, үүнтэй холбогдуулан төслийн 13.12.8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, 10.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулах, найруулах, найруулах санал бэлтгэсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсэг төслийн 4.1,5, 12.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналаа татан авч, төслийн заалтыг хэвээр үлдээхээр танилцуулсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хуралдаан даргалагчийн гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тус төслийн 5.4 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг, 5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул гэж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгээс анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололыг эцсийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлж, санал хураалгахаар бэлтгэсэн байна. Мөн хуулийн 5.7, 5.8 дахь хэсгийг өөрчлөн найруулах саналын томьёолол бэлтгэсэн байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Ажлын хэсгийн энэхүү танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр дэмжигдсэн саналын томьёоллуудтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гаргаж, гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Гишүүд төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь заалтыг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гаргав. Эл саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. Дараа нь Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргаж, гишүүдийн олонх дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2024 оны 04 сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг төслийг бэлтгэн хэлэлцжээ. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үеэр хуралдаан даргалагчаас ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр төслийн 10 дугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгч Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 10 дугаар зүйлийг дахин томьёолон санал хураалт явуулан шийдвэрлэжээ.
Б.Баттөмөр гишүүний танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкнуудын нээлттэй ХК-ийн хэлбэрээр зохион байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банкнууд анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж хуулийн шаардлагыг биелүүлсэн. Дээрх хуульд зааснаар банкны хувь эзэмшигчдийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны дотор 20 хувь хүртэл бууруулах үйл явц нь олон улсын хөрөнгийн зах зээл боломжит хөрөнгө оруулахаас хамааралтай байгаа аж. Банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд бууруулах боломж гараагүй учир Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн “2023 онд” гэснийг “2026 онд” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан юм. Төслийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга дараагийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээр Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.