Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр тус Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Др.Харалд Трохтой уулзлаа.
Уулзалтын эхэнд Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Др.Харалд хэлсэн үгэндээ, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, геополитикийн олон асуудал өрнөж буй энэ үед хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан Австри Улс нь манай улсын гуравдагч хөрш бөгөөд Европын Холбоо, түүний дотор Австри Улс манай улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг тууштай дэмжиж ирсэн нь талархалтай байдгаа илэрхийлэв.
Тэрбээр, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлоод ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа бататгах, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри Улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж харж байна гэв.
Уулзалтын үеэр талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Манай хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн орнуудын анхдагчдын нэг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.