Цэс

Холбоо барих

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.04.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг баталж, 2006 онд шинэчилсэн бөгөөд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Улсын Их Хурал, Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлсэн ч хөрөнгө, санхүүгийн хомсдол, салбарын бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоо сул, удирдлага, бүтэц, зохион байгуулалтын оновчгүй байдал зэргээс шалтгаалан тэдгээр баримт бичигт дэвшүүлсэн зорилтууд үр дүндээ хүрэхгүй байсаар байна.

1993-2022 онд шинжлэх ухааны салбарт нийт 178,6 тэрбум төгрөгөөр 4688 төслийг санхүүжүүлж, 54934 шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгожээ. 

Монгол эрдэмтдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлснээр патент 352, ашигтай загвар 304, зохигчийн эрх 166, бүтээгдэхүүний загвар 700, технологи 768, тоног төхөөрөмжийн туршилтын загвар 233, ном бүтээл 2473, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 148, стандарт, зөвлөмж, заавар, аргачлал 3532, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн 723 үр дүнг тус тус баталгаажуулсан байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого, төлөвлөлт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчмыг хүний амьдралын чанар,  нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар зарим шаардлагатай нэр томьёог шинэчлэн тодорхойлсон байна. 

Мөн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үзүүлэх төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл болон суурь шинжлэх ухаан, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулалтыг оруулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны авьяастныг нээх, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар тусгасан төдийгүй санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг зэргийг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл