“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ” болон 4 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ”-г тус тус өөрчилсөн байна.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг томилсон байна. Мөн Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилсон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.