Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2000 оны 19 тоот тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаргаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10.05 цагт Төрийн ордны ажлын хэсгийн хуралдааны “В” танхимд боллоо. Хуралдааныг Ажлын дэд хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ж.Энхсайхан ахалж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба болон Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн газар, Татварын ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуралдаанд Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол болон холбогдох бусад эрх зүйн актын хэрэгжилтийг нэгтгэн гаргаж танилцууллаа. Үүнд: Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 13 зүйл, заалт, УИХ-ын тогтоолын 2 заалт, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Цөмийн хаягдлын тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 184 дүгээр зарлиг зэрэг эрх зүйн актуудыг хамруулан авч үзэв.

Ажлын дэд хэсгээс боловсруулсан дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг цаашид авах арга хэмжээний саналын хамт 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл