ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөрУлаанбаатар хот
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Өнөөг хүртэл Монгол Улсад хөрөнгө оруулалтын сангийн талаар тусгайлан боловсруулж баталсан хууль байгаагүй бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн харилцаатай холбоотой зарим асуудлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж ирсан. Эдийн засаг, санхүүгийн салбар хөгжихийн хирээр дээрх харилцааг илүү нарийн зохицуулах зайлшгүй шаардлага гарсан.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.
Мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалтын менежментийн компани эрхлэх бөгөөд хөрөнгө нь кастодианы дансанд хадгалагдах юм. Ингэснээр хөрөнгийн найдвартай хадгалалт, бүртгэл, хяналтын зах зээлийн дотоод бүтцийг бий болгох бөгөөд зах зээлийн мэргэжлийн оролцогч тус бүрийн үзүүлж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааны хяналтыг бүрдүүлэх боломж бий болно.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс үл хамаарч 10 хүртэл жил байхаар хуульчиллаа.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эдийн засаг дахь дотоодын хуримтлал, хадгаламжийг зах зээлийн зарчмын дагуу хөрөнгө оруулалтын сангууд байгуулах замаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр илүү өндөр үр ашигтайгаар ашиглах, энэ төрлийн хөрөнгө оруулалтын мэргэжлийн үйл ажиллагааг хууль зүй, бизнесийн өндөр хариуцлагатайгаар эрхлэх эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн.
Хөрөнгө оруулалтын сангууд үүсэх нь жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц зөвхөн банкны зээл бус, харин хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгох замаар томорч, үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болсон.
Хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсанаар санхүү, хөрөнгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэн тогтох боломж нээгдэж, хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу худалдан авагч тал үүсэн бий болж, 2014 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль бүрэн утгаараа хэрэгжих, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой эрх зүйн баримт болсон.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг дагаж нэмэлт, өөрчлөлт орсон хуулиуд:
1.Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.
2.Компанийн тухай хуульд:
Компанийн тухай хуулийн компани, түүний төрөл гэсэн 3 дугаар зүйлд Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэсэн агуулгатай хэсэг нэмсэн.
3.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд:
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа гэсэн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6.3 дахь хэсгийн “хувьцаа” гэснийг “нэгж эрх” гэж өөрчилсөн.
4.Инновацийн тухай хуульд:
Инновацийн тухай хуулийн венч сан, венч хөрөнгө оруулалтын компанитай холбоотой заалтуудыг уг хуулиас хассан.
Танилцуулга бичсэн: Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ш.Ариунжаргал