2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Батцогт
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус Байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцэж, дараах танилцуулгыг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.
Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хасах, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу 8.3 дахь хэсгийн “хүлээлгэж болно” гэснийг “хүлээлгэнэ” гэж өөрчлөх саналуудыг төсөлд нэмж тусгалаа.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд санал хурааж шийдвэрлэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Зах зээлийн үнэ хөөрөгдөх”, “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах” гэсэн 1663, 1664 дүгээр зүйлийг хасах саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн.
Эдгээр зүйлүүдийг төсөлд хэвээр үлдээх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бөгөөд харин тухайн зүйлийн гарчиг, заалт хэт өргөн агуулгаар томьёологдсоныг өөрчлөн найруулах шаардлагатай гэж үзэж, холбогдох саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл заалт мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдвөл эцсийн хэлэлцүүлэгт санал хураахаар заасны дагуу төсөлд Эрүүгийн хуулийн 8.1 дэх хэсгийн “зөвхөн” гэснийг хасах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар санал хураалгахаар оруулж байна.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдэд хууль тогтоомжийн бичлэг, техникийн шинжтэй засварыг хийсэн төслүүд болон болон эцсийн хэлэлцүүлэгт хураалгах Байнгын хорооны саналуудыг тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан танилцуулга, саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслүүдийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ