Цэс

Холбоо барих

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн 
Б.Чойжилсүрэн 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Галт зэвсгийн тухай хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаагаас харахад цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 

Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байгаа ба галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах мэдлэг, чадвартай болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Бууны албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН 
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл