2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Ганбат
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус Байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцэж, дараах танилцуулгыг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, дэмжигдсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.
Тухайлбал, төслийн 7, 8 дугаар зүйлийг хасах, мөн аймгийн төвөөс бусад алслагдсан суманд тасралтгүй 60 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 2014 оноос эхлэн олгох, холбогдох хууль батлагдах хүртэл цагдаагийн байгууллага, алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмыг энэ хуулиар түр зохицуулахтай холбогдсон зүйлийг төсөлд шинээр нэмэх зэрэг саналуудыг төсөлд тусгалаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу нэгдсэн хуралдаанд зарчмаар нь дэмжиж, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн төслийн 5 дугаар зүйлийг өөрчлөх саналыг Байнгын хороо дахин хэлэлцэж, “Цагдаагийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцөлийг дордуулахгүй байх арга хэмжээг Засгийн газар авна” гэж өөрчлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацааг нягтлан үзэж, өөрчлөхөөр гүйцээн боловсруулах чиглэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсний дагуу уг асуудлыг хэлэлцээд, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөхөөр өөрчлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.5 дахь хэсэгт төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл заалт мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдвөл тухайн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд хамтад нь хэлэлцүүлэхээр заасны дагуу Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Чөлөөт бүсийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Терроризмтой тэмцэх тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Төсвийн тухай, Төрийн нууцын тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиуд болон “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолын хавсралтад заасан “дотоодын цэрэг” гэснийг өөрчлөх буюу хасах саналыг Хууль зүйн байнгын хороо хууль тус бүрээр хэлэлцэн дэмжиж, холбогдох саналуудыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байна.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдэд хууль тогтоомжийн бичлэг, техникийн шинжтэй засварыг хийсэн төслүүд болон эцсийн хэлэлцүүлэгт хураалгах Байнгын хорооны саналуудыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, эдгээр хууль, тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ