Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн хуралдааны тойм

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун, тус хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг, Монголын ИКОМОС-ын Үндэсний хорооны Ерөнхийлөгч Н.Уртнасан, Соёл урлагийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн секторын эрхлэгч Б.Цогтбаатар, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Шинэбаяр болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцов.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр удирдаж, Ажлын хэсгээс хуулийн төсөлд тусгахаар бэлтгэсэн 26 зарчмын зөрүүтэй болон 15 найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей нар зарчмын зөрүүтэй зарим саналыг найруулгын шинжтэй саналд оруулах, зарим нэг заалтыг хуулийн төслийн анхны хувилбарт тусгаснаар авах, зарим саналыг нэгтгэх, хасахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.
Улсын Их Хурлын гишүүн, Соёл,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл саналын томьёололтой холбогдуулан гишүүдээс асуусан асуултад хариулт өглөө.
Улсын Их Хурлын гишүүд Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага хүлээлгэх асуудлыг Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулга авав.
Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг зарчмын зөрүүтэй саналын томьёололд нэмж тусган хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийхээр тогтлоо.
Хуралдаан 12 цаг 30 минутанд өндөрлөв.


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл