Цэс

Холбоо барих

ХУУЛЬ САХИУЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр    
Улаанбаатар хот 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Лүндээжанцан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаа, Мөрдөх, Тахар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэхээр Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын гишүүд хуулийн салбарт шинэчлэл хийхдээ дэс дараалалтай, нэгэн зэрэг цогцоор нь хийх, мөн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зэрэг суурь материаллаг болон процессийн хуулиудийг эхэлж хэлэлцээд дараа нь бусад хуулийн төслүүдийг багцаар нь оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй байсан, “хууль сахиулагч” гэдэгт ямар байгууллага, хүнийг ойлгохыг маш тодорхой болгох, хууль сахиулагчид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бие даан шийдвэр гаргах, галт зэвсэг болон тусгай хэрэгсэл хэрэглэх эрхийг олгохтой зэрэгцээд тэдний баталгааг хангасан эрх зүйн орчныг баталгаатай болгох талаар тус тус саналаа илэрхийлж байсан болно. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.


Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН 
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл