Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ГАРГАСАН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ГАРГАСАН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон түүнийг дагалдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Р.Бурмаа, Ц.Даваасүрэн, Л.Цог нар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд дараах санал, дїгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдсэн нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага байгааг хууль санаачлагчид харгалзан үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг бусад сонгуулийн тухай хуулиудтай нийцүүлэх замаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь өнөөгийн түвшинд нийцүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журам, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахтай холбогдсон харилцааг тодорхой болгон тусгах, Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулиас эхлэн гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн саналыг авах эрх зүйн үндсийг бий болгох, сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаар бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон аудитаар хянагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх асуудлыг тодорхой тусгах, сонгуулийн дүн гаргах цаг хугацааг хэмнэж сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэх зэргийг хуулийн төслийн үзэл баримтлал болгосон байна гэж гишүүд үзлээ.

Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат энэ хуулийн төслийн талаар парламентад суудалтай намуудын саналыг авч байр сууриа нэгтгэх нь зүйтэй; Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өмнө болсон бусад сонгуулиас дүгнэлт хийж сонгуулийн нэг хэсэгт харьяалагдах сонгогчийн тоог аль болохоор өөрчлөхгүй байх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө нийслэлийн дүүргүүдийн сонгогчдын бүртгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллуулах; Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг манай орноос гадаад улсад байгаа энхийг сахиулагчдын саналыг авах эрх зүйн зохицуулалтыг тусгах; Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг сонгогчдын улс төрийн идэвхийг дэмжих, хариуцлагыг улам дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг бодлоготойгоор зохион байгуулах гэсэн саналыг хэлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр эдгээр саналыг авч үзэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                               А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл