Цэс

Холбоо барих

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Лүндээжанцан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагч хуулийн этгээдийн талаарх өөрчлөлтийг бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэж мэдээллийн цахим санг бий болгох, улсын бүртгэлийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, хуулийн этгээд цахим улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн хувийн хэрэг болон улсын бүртгэл хөтлөх, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг нэгдмэл байдлаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар улсын бүртгэлийн байгууллагын хүнд суртал арилж, бүртгэлийн байгууллагын албан хаагчдийн ажлын ачаалал багасч, иргэдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг адил тэгш, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэх, цаг хугацаа, зардал хэмнэх, боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН 
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл